Мэдээ

ТРИАТЛОНЫ СПОРТЫН ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Энэ спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, Олимпийн их наадмын хөтөлбөрт байнга багтдаг байсан бол 2016 оноос эхлэн Паралимпийн наадмын хөтөлбөрт багтаж байна. Түүнчлэн Токио-2020 олимпоос триатлоны холимог багийн буухиа зай олимпийн наадмын хөтөлбөрт шинээр орох юм.

Орчин үеийн олимпизмийг үндэслэгч, Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен одоогийн триатлон маягийн спортыг ихэд сонирхож байсан баримт бий. 3-4 төрлийг зэрэг гүйцэтгэх тамирчин бол үнэхээр шилдэг гэдгийг тэр онцолж байжээ. Гэвч уг спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг. Харин Дэлхийн Триатлоны Холбоо (World Triathlon) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулсан аж. Дэлхийн триатлоны холбоо нь одоогоор 170 гаруй гишүүнтэй, Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм. 1994 онд Парист хуралдсан Олон Улсын Олимпийн Хорооны чуулганаас триатлоныг Олимпийн их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпод триатлончид оролцоод байна.Цаашид ч олимпийн хөтөлбөрт багтсаар байх нь.

Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр гэхэд болно. Дотроо янз бүрийн зайтай: Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь стандарт зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай.

Төрлүүд:

Усанд сэлэлт: Гол төлөв задгай усанд (нуур, далай, гол мөрөн) гурвалжин замд тойрч уралддаг. Уралдааны гараа бөөн төрлөөр явагддаг. Харин Олимп, дэлхийн хэмжээний тэмцээний үед тавцангаас үсэрч гарах ёстой юм. Задгай усанд сэлэх нь бассейнд сэлэхээс эрс ялгаатай байдаг. Энэ нь давалгаа ихтэйгээс гадна тамирчдад зүг чигээ тохируулж уралдах, хүйтэн усанд хурдан дасах чадвар зэргийг шаардда байна. Усны зайгаа дуусгаад эрэг рүү гарч, солилцооны цэг (transition area) дээр очно. Тухайн газраасаа дугуй болон дуулга, хэрэглэлүүдээ авснаар цааш дугуйн уралдаандаа гарна. (Солилцооны цэгийн орчимд дугуйгаа түрж явах ёстой)

Дугуй: Ерөнхийдөө уралдааны дугуйн спорттой адилхан. Триатлоны дугуйнд шаардлагатай нэгэн зүйл нь хол замд тамирчдыг бага ядраах зорилгоор гарны тавиур хэрэглэдэгээрээ онцлогтой

Гүйлт: Энэ нь мэдээж жирийн гүйлтээс ялгаатай. Учир нь өмнөх 2 төрлийг гүйцэтгэсний эцэст тамирчид шингэнээр ихээхэн дутагдсан байталтай гүйлтийн замдаа гардаг. Үргэлжлүүлэн шингэнээр дутагдан гүйвэл тамирчны ажиллах чадвар буурдаг байна.

Азийн Триатлоны Холбоо 1991 оны зургадугаар сарын 28-нд Бээжин хотноо үүсэн байгуулагдсан. 1992 онд триатлоны шар тивийн АШТ-ийг Японы Хасаки хотноо анх удаа явуулжээ. 2006 онд Катарын Доха хотноо болсон Азийн XV наадмын хөтөлбөрт триатлоны спорт анх удаа багтсан юм. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.