Мэдээ

МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБООНЫ ТҮҮХЭЭС

МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБООНЫ ТҮҮХЭЭС
Фото мэдээ

2004 оны арванхоёрдугаар сарын 18-нд спортын сэтгүүлч Б.Цагаанбаатарын санаачилгаар байгуулагдсан. Тэр жилдээ ХЗДХЯ-наас Улсын бүртгэлийн гэрчилгээ авч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Улмаар 2005 оны гуравдугаар сард МҮОХ-ны гишүүнээр элссэн билээ. МТрХ-ны анхны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2005-2010 онд ажилласан бол 2010 оноос Ц.Сандуй уг албан тушаалыг хашиж байгаа юм. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар үүсгэн байгуулагч Б.Цагаанбаатар ажиллаж байна.

МТрХ 2005 оны зургадугаар сард Азийн Триатлобооны гишүүнээр элсэх үедээ нэг ч тамирчингүй байсан бол мөн оны наймдугаар сарын28-нд Гачууртад болсон Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13-63 насны 46 тамирчин (үүнээс 5 эмэгтэй) оролцжээ. Тамирчдын дунд Монгол Улсын гавьяат тамирчин 1, ОУХМ 4, спортын мастер 20 шахам байсан юм. Хөдөө орон нутгаас Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн тамирчид ирж оролцсон билээ. Залуу тамирчин А.Анхзул, М.Цэнгүүн, Э.Мөнхбаясгалан мөн оны долдугаар сарын 31-нд Казахстаны Бурабайд болсон Азийн цом, спортын мастер Н.Наранбат, дэд мастер А.Анхзул, I зэргийн тамирчин М.Цэнгүүн нар есдүгээр сарын 8-11-нд Японы Гамагорид Дэлхийн АШТ-д тус тус оролцож байв.

2006 оны долдугаар сарын 28-нд Улсын аварга шалгаруулах II тэмцээнээ зохион байгуулж 45 тамирчин (үүнээс 6 эмэгтэй) дөрвөн насны ангилалд өрсөлдлөө. Улмаар наймдугаар сарын дундуур БНХАУ-ын Жиаюгуань хотноо болсон Азийн АШТ-д спортын дэд мастер Ч.Гансүх, А.Анхзул, М.Цэнгүүн нар, “Доха-2006” Азийн XV наадамд спортын мастер Н.Наранбат, спортын дэд мастер М.Цэнгүүн нар, Дохад гуравдугаар сард болсон Дэлхийн цомын тэмцээнд спортын дэд мастер А.Анхзул тус тус оролцсон. Мөн зун нь Унгарын Тисауварошт дэлхийн өсвөр үеийнхний 14 хоногийн цугларалтад Б.Зоригт, Б.Бүтэх-Үйлс нар Олон улсын триатлоны холбооны санхүүжилтээр тус тус амжилттай оролцжээ.

2007, 2008 оны УАШТ-ийг “Найрамдал” зусланд МҮОХ-ны нэрэмжит болгон зохион байгуулахад 50-70 тамирчин гурван насны ангилалд уралдсан юм. Анх удаа буухиа тэмцээнийг туршилтын журмаар зохион байгуулахад 11 баг оролцсоны дунд Англи-АНУ-Германы иргэдээс бүрдсэн интернационалч баг хүртэл байлаа. Тус УАШТ-д Монголын спортын түүхэнд анх удаа АЛБАН ЁСНЫ ЦАГ ЗААГЧ-аар “Наран трейд” компанийн харьяа дэлхийд алдартай “Seiko” брэндийг ашиглав.

Түүнчлэн дугуйн тамирчид дуатлоноор хичээллэдэг болоод байна. 2007 оны тавдугаар сард анх удаа дуатлоны УАШТ-ийг зохион байгуулахад Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, Улаанбаатарын 50 гаруй тамирчид уралдсан. Дуатлоны УАШТ-ийг 2018 оноос дахин сэргээж, хоёрдахь удаагийн тэмцээнд нийтдээ 150 гаруй тамирчин оролцсон билээ.

2007 онд Казахстаны Кокшетау хотноо болсон өсвөр үеийнхний тэмцээний 11 насны ангилалд Н.Тэмүүлэн III байрт шалгарсан нь Монголын триатлоны түүхэнд гадаадын тэмцээнээс авчирсан анхны амжилт байлаа. Дараагийн амжилтыг ч үүнээс хойш удаан хүлээгээгүй юм. Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Бурабайд болсон Азийн цомын тэмцээний залуучуудын ангилалд манай спортын мастер Б.Тэлмэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй. Дараа жилийнх нь мөн тэмцээнээс Б.Тэлмэн алтан медаль зүүж Монголын триатлоны түүхийн (одоогоор) хамгийн өндөр амжилтын эзэн болсон.

2010 онд Монголын триатлончид Хүүхдийн олимпийн наадам, Азийн наадам, Азийн элсний наадам, Азийн цомын тэмцээнд оролцсоны дээр олон улсын цугларалтад 3 удаа хамрагдан ур чадвараа дээшлүүлж, холбооныхоо материаллаг баазыг сайжруулах чиглэлд голлон ажилласан. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг триатлон-дуатлоны төрлөөр долдугаар сард зохион байгуулсан. “Сингапур-2010” Залуучуудын олимпийн анхдугаар наадмын хөтөлбөрт триатлоны спорт багтаж 42 орны 64 өсвөр тамирчин оролцсоны дунд Монголын триатлоны шигшээ багийн тамирчин Т.Энхжаргал эрхээ биелүүлэн оролцсон билээ.

2012 оны УАШТ-ийг акуатлоны төрлөөр Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурт зохион байгуулсан бол 2013-2018 оны УАШТ-ийг кросс триатлоны төрлөөр мөн Архангай аймгийн Өгийнуурт амжилттай явуулсан билээ. УАШТ-д оролцогч тамирчдын тоо 2016 онд 105, 2017 онд 120, 2018 онд 210, 2019 онд 300 гаруй болж нэмэгдсээр байгаа нь сонирхогчдын ангилалд тамирчид олноор өрсөлддөг болсонтой холбоотой. Мөн гадаад улсын тамирчид УАШТ-д нээлттэй оролцсоор байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд манай оронд Азийн дасгалжуулагчдын, шүүгчдийн олон улсын сургалт, залуу тамирчдын хамтарсан бэлтгэлийг Дэлхийн триатлоны холбоо, Азийн триатлоны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулаад байна.

Одоогоор триатлоны тамирчид Улаанбаатар хотноо “Виста” клуб, “Төмөр хүн” клуб, "Тристар" клуб, Усан спорт сургалтын төв, Орхон аймгийн “Эрдэнэт триатлон” клуб, Говьсүмбэр аймаг болон бусад клубт тамирчид хичээллэдэг.

Дасгалжуулагч Ч.Гансүх, Э.Уянга, М.Цэнгүүн, Б.Мөнгөнтуяа нар 2017-2019 онд Дэлхийн триатлоны холбоо, Солонгосын триатлоны холбооны зардлаар БНСУ-ын Инчонд болсон дасгалжуулагчийн курст суралцаж олон улсын дасгалжуулагчийн зэрэглэлээ ахиуллаа. “Ironman” клубийн дасгалжуулагч М.Цэнгүүн, Э.Уянга, О.Анх-Учрал нар 2018 оны аравдугаар сард Тайландын Бангкокт болсон Олон улсын дасгалжуулагчдын сургалтад оролцож мэргэжил дээшлүүлсэн юм. 2019 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Олимпийн эв санааны сангийн санхүүжилтээр даалжуулагчдын Level 1 сургалтыг зохион байгуулж, манай 12 дасгалжуулагч хамрагдав.


Сүүлийн жилүүдэд УАШТ-ээ Архангай аймгийн Өгийнуурт тогтмол явуулж, “Инчон-2014” Азийн зуны спортын наадам, “Жакарта, Палембан-2018” Азийн зуны спортын наадам, “Пукет-2014” Азийн элсний спортын наадам, Өсвөр үеийнхний олимпийн эрх олгох тэмцээн, тивийн АШТ болон Азийн цомын тэмцээнд тамирчдаа оролцуулж ирлээ. Холбооны үйл ажиллагааг хэвийн явуулж, Монгол орондоо триатлоны спортыг хөгжүүлэхэд Ц.Сандуй ерөнхийлөгчтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, тамирчдын эцэг эхчүүд, дэмжигчид ихээхэн хувь нэмрээ оруулсаар буйг тэмдэглэх хэрэгтэй. Мөн БТСУХ, МҮОХ зэрэг байгууллагын хүчин чармайлт, дэмжлэг ч бидний ажилд тустай байдаг.


Холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй 2017 оноос МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Монголын олимпийн хөдөлгөөнд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Тэрээр “Жакарта, Палембан-2018” Азийн зуны спортын наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын ахлагчаар амжилттай ажилласан билээ.

Азийн триатлоны холбоог (ASTC) 2019-2023 онд удирдах бүрэлдэхүүнийг сонгоход Монгол Улсын гурван төлөөлөл багтсан юм. Үүнд: Б.Цагаанбаатар Удирдах зөвлөлийн гишүүн, Техникийн хорооны дарга, Э.Уянга Эмэгтэйчүүдийн хорооны гишүүн, Д.Жаргалсайхан Хөгжлийн хорооны гишүүнээр сонгогджээ.

Олимпийн үзэл санааг таниулах, иргэд, дайчдын бие бялдрын боловсролыг сайжруулах, гүйлт болон дуатлоны спортыг сурталчлах зорилгоор Монгол Улсын хилийн захын дөрвөн цэгт “Токио-2020” олимпийн бамбарыг аялуулах ажлыг Монголын триатлоны холбоо санаачилсан билээ. Ингэхдээ тухайн бүс нутгийн Хилийн цэргийн албан хаагчид, тамирчид, иргэд хөдөлмөрчдийг хамруулж, триатлон-дуатлоны спортын багийн буухиа төрлөөр явуулж байгаа юм. Тус аяныг Хил хамгаалах ерөнхий газар, Монголын үндэсний олимпийн хороо, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Японы найрамдлын нийгэмлэг, Монголын триатлоны холбоо хамтран 2019-2021 онд зохион байгуулж байна.

Бамбарыг Монгол орны хилийн дараах цэгүүдэд хүргэх юм. Үүнд:

  • Баруун захын цэг. Баян-Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны Алтай таван богд
  • Хойд захын цэг. Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын даваа
  • Зүүн захын цэг. Дорнод аймгийн нутагт Соёлз уул
  • Өмнөд захын цэг. Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгой

Цаашдаа триатлон болон дуатлоны тэмцээний тоог олшруулж, өсвөр үеийнхний дунд тэмцээн явуулахаар төлөвлөж байна. Нэрэмжит тэмцээнүүдийг ч олноор буй болгох зорилготой. Залуу тамирчдыг гадаадад хамтарсан бэлтгэлд олноор хамруулна. Олон улсын шүүгчийн тоог нэмэгдүүлнэ. Холбооны материаллаг бааз, санхүүгийн чадварыг дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллана. УАШТ-ий шагналын санг нэмэгдүүлнэ. Улаанбаатар болон Эрдэнэтэд тэмцээн-бэлтгэлийн талбай байгуулах ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн цаашдаа өөрийн эхоронд Азийн цомын тэмцээн, олон улсын тэмцээн хүлээн авах бэлтгэлийг хангах болно.

МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБОО

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. Чингисийн өргөн чөлөө. Олимпик хаус 117 тоот

E-mail: triamongol@yahoo.com

Монголын Триатлоны Холбоо

Харилцах утас: 9909-0711, 9191-0299, 8000-9911

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл