Ардчилсан хувьсгалын дараах нийгмийн шилжилтийн тогтворгүй үед биеийн тамир, спортын салбар бусад салбаруудын нэгэн адил хямралын хүнд байдалд орсон билээ.
Энэхүү эрсдэл нүүрэлсэн хүнд үед хөнгөн атлетикийн залгамж халааг бэлтгэх, олон түмэнд сурталчлах, хөгжүүлэх зорилгоор “Тэсрэлт” клубыг 2002 оны 5 дугаар сарын 08-нд анх С.Өнөрбаяр өөрийн хөрөнгөөр “Эрэл” компаний түрээсийн байранд гүйлт чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмж суурьлуулан байгуулсан юм.
2004 онд Клубыг бүтэц, зохион байгуулалтын хувьд төрийн бус байгууллагын хэлбэрт шилжүүлэн, үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор нэрийг өөрчилж, “Үсрэлт XXI зуун” болгон анхны ерөнхийлөгчөөр С.Содномбалжир, дэд ерөнхийлөгчөөр Ч.Эрдэнэтуяа, захирлаар С.Өнөрбаяр, менежер, эмчээр О.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Г.Батцэцэгийг сонгон ажиллуулжээ.
2006-2010 онд клубын ерөнхийлөгчөөр Л.Балдан-Очир ажиллаж клубын үйл ажиллагааг хэвийн явуулах, ялангуяа хөрөнгө санхүүгийн хүндрэлийг даван туулахад боломж нөхцөл, сэтгэл зүтгэлээ дайчлан ажилласан юм.
Клуб нь 2004-2010 онд клубын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн
– Өсвөр үеийн холимог буухиа гүйлтийн УАШТ
– Бүх нийтийн кросс гүйлтийн АШТ
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн кросс гүйлт
– Насанд хүрэгчдын кросс болон буухиа гүйлтийн УАШТ-ийг жил бүр тасралтгүй тустус зохион байгуулж ирсэн байна.
Хожим нь клубын захирал С.Өнөрбаярын санаачлагаар өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж ирсэн ажлын туршлага, баг хамт олныхоо идэвхи оролцоонд тулгуурлан Монгол хүний онцлог, Монгол орны нөхцөлд бүрэн тохирох хэт холын марафон гүйлтийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулан удирдах зөвлөлийн гишүүнээр “Үсрэлт” клубын үндсэн баг болох С.Өнөрбаяр, Л.Балдан-Очир, Э.Бат-Эрдэнэ, Г.Гансүх, Д.Энхээ, Ц.Сонинбаяр, О.Оюунчимэг нар сонгогдож анхдугаар хуралдаанаараа, холбооны ууган ерөнхийлөгчөөр Л.Балдан-Очирыг санал нэгтэй сонгов.
Удирдах зөвлөлөөс холбооны дүрмийг батлан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж № 8016828 тоот гэрчилгээ аван үйл ажллагааг явуулах албан ёсны эрхээ баталгаажуулжээ.
Улмаар холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаярын багагүй хугацааны уйгагүй үйл ажиллагааны үр дүнд Дэлхийн хэт холын марафон гүйлтийн холбоонд 2010 оны 3сард гишүүнээр элсэн тус холбооны шугамаар олон улсын хэмжээнд зохион байгуулах бүх талын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.
2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн холбооны удирдах зөвлөлийн хуралдаанаар бүтэц зохион байгууллалтын өөрчлөлт хийж, холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв шинээр сонгогдон ажиллаж байна
Холбоо нь: Хэт холын марафон гүйлтийн сонирхогч, дэмжигчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдан чиглүүлэх, сургалт дасгалжуулалт явуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улс тив, дэлхийн хэмжээний тэмцээн, бусад арга хэмжээнд тамирчид, оролцогчдыг бэлтгэн оролцуулах, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, мэргэжлийн сургалт, судалгаа, шинжилгээ явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус холбоо байгуулагдсан цагаасаа хүн амын дунд:
– Хэт холын марафон 50 км,100 км УАШТ
– Буухиа гүйлтийн марафон 5х10 км УАШТ
– Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагуудын марафон АШТ
– 6-12-24 цагийн гүйлтийн анхдугаар УАШТ , / НБТСГ, Шри-чинмойны багтай /
– Улаанбаатар олон улсын марафон / НБТСГ, “Ар монгол” групптэй хамтран /
– Сонирхогчдын кросс гүйлт
– 50км уулын жимийн олон улсын тэмцээн
– 225км Монгол говь олон өдрийн марафон гүйлтийн тэмцээн
– Тал нутгийн марафон зэрэг тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.
Холбооноос зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээний дүнд тамирчдын амжилт жилээс жилд дээшлэн олон улсын түвшинд ойртсоор байна.
2015 оноос тамирчдын амжилтыг ахиулах, дэлхийн түвшинд ойртуулах зорилгоор цол зэргийн нормативыг шинэчлэн батлуулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.