Мэдээ

Хөвсгөл аймгийн Галт суманд "Кросс гүйлт 2023" зохион байгууллаа

Хөвсгөл аймгийн Галт суманд "Кросс гүйлт 2023" зохион байгууллаа
Фото мэдээ
МХХМГХолбоо нь аймаг, дүүрэг, сумдыг нэрэмжит гүйлтийн тэмцээнтэй болгох зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Галт суманд Спортын мастер А.Даваадорж багшийн нэрэмжит “Кросс гүйлт 2023” Аварга шалгаруулах тэмцээнийг 2023.09.16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хүн амын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэн сурталчилах, гүйлт чийрэгжилтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, бие бялдар, оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэх зорилгоор ээлжит нэрэмжит тэмжээнээ зохион байгууллаа.
Өсвөр үеийн тэмцээний 6 насны ангилалд 565 хүүхэд, насанд хүрэгчдийн 6 насны ангилалд 136 хүн, нийт 700 гаруй хүн оролцлоо. Өсвөр үеийн 10-11 насны ангилалд хамгийн их буюу 100 гаруй хүүхэд оролцсон байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ОУХМ Б.Батболд , хамтран зохион байгуулагчаар Галт сумын ЗДТГ, ЕБС оролцлоо.
Мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан тус тэмцээнд Спортын мастер А.Даваадорж багш өөрийн насны ангилалдаа тэмцээнд орсон нь онцлог байлаа. Цаг агаарын байдал тогтуун таатай байв.
Мөн тэмцээнд оролцогчдын дунд 5 сая төгрөгийн сантай “Сугалаа” явуулж, олон азтан тодрууллаа.
Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Базарсүрэнгийн Батболд дараагийн тэмцээний шилжин явах цомыг Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын албаны дарга Г.Хүрэлбаатарт гардууллаа.
Нийт оролцогчид, байр эзэлсэн гүйгчид, сугалаанд хожсон хүмүүстээ баяр хүргэе.
Мөн найрсагаар хүлээн авч, тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэбаяр болон арын албаныханд талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл