Мэдээ

Үндэсний спортын VII наадмын тойм

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав хоног болж, өнөөдөр өндөрлөлөө. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаан улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхийн ангилалд өрнөв. Барилдаан тойргоор болсон юм. Улсын цолтой бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлсэн бол хоёрдугаар байрт Архангай аймгаас оролцогч улсын начин Ч.Ганзориг, гуравдугаар байрт Хан-Уул дүүргээс оролцогч улсын начин Б.Бадамсүрэн шалгарлаа. Аймгийн цолтой бөхийн ангилалд Өвөрхангай аймгаас оролцогч аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, дэд байрт Төв аймгаас оролцогч аймгийн харцага Л.Даваажамц, гуравдугаар байрт Өмнөговь аймгаас оролцогч аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа оров. Сумын цолтой бөхийн барилдаанд Орхон аймгаас оролцогч сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, Увс аймгаас оролцогч сумын заан Б.Цагаанбанди дэд байр, гуравдугаар байрт Завхан аймгаас оролцогч сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарав. Харин залуу бөхийн барилдаанд Сүхбаатар аймгаас оролцогч Д.Бямба-Эрдэнэ түрүүлсэн бол Орхон аймгийн оролцогч Б.Цэрэндаш дэд байр, Чингэлтэй дүүргийн оролцогч З.Галт-Очир хүрэл медаль хүртлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл