МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ЗУНЫ
XVI НААДМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Улсын хэмжээнд спортын шинэ төрлүүдийг дэлгэрүүлж хөгжүүлэх, байгууллага хамт олны үүсгэл санаачилгыг өрнүүлэх, спортын шинэ амжилтыг тогтоох, биеийн тамир спортын хөдөлгөөнд өргөн олон түмнийг хамруулах зорилгоор Монголын бүх ард түмний спортын наадам нь “Улсын спартакиад” нэршлээр 1946-1954 онуудад 9 удаа, “Монголын бүх ард түмний спартакиад” нэршлээр 1961-2004 онуудад 11 удаа, 2008 оноос хойш “Монголын бүх ард түмний спортын наадам” нэршлээр 5 дахь удаагаа “Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам” нь 2025 оны 09 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотноо нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор баталсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам"-д Монголын бүх ард түмний спортын наадмын зуны төрлийг 2021 оноос, өвлийн төрлийг 2019 оноос дөрвөн жил тутамд олимпын дараагийн жилд зохион байгуулахаар журамласан.
Наадмыг зохион байгуулах нь иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмын удирдлага, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах Зохион байгуулах хороог 36 бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны А/192 дугаар тушаалаар байгуулж, наадмын нэгдсэн зааврыг 2025 оны А/212 дугаар тушаалаар баталсан.
Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмыг олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8, нийт 28 спортын төрлөөр зохион байгуулах бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 3400 гаруй баг тамирчид 879 багц медалийн төлөө Баянхонгор аймаг, Улаанбаатар хотноо нэгэн зэрэг 2025 оны 09 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд өрсөлдөнө.
Биеийн тамир, спортын улсын хороо нь олон улсын жишгийн дагуу цахим системд шилжиж 2019 оноос хойш үндэсний хэмжээний наадамд оролцогч баг, тамирчдыг Биеийн тамир, спортын тэмцээн, наадмын цахим системд бүртгэж, баталгаажилт хийгдсэн тамирчдыг наадамд оролцох эрхийг олгож байна.
Наадмын нээлтийн ёслолын арга хэмжээг Баянхонгор аймагт 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагт, хаалт шагнал гардуулах ёслолыг 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт тус тус зохион байгуулна.
Баянхонгор аймагт гимнастик, спорт бүжиг, таеквондо, бадминтон, даам, бокс, волейбол, сагсан бөмбөг, самбо бөх, чөлөөт бөх, жүдо бөх, пауэрлифтинг, футзал, шатар, ширээний теннис, хүндийн өргөлт, дугуй зэрэг 17 спортын төрлийн тэмцээнийг 13 спортын заал, 1 талбайд зохион явуулна.
Улаанбаатар хотноо байт харваа, буудлага, пара хөнгөн атлетик, тусгай хөнгөн атлетик, хөнгөн атлетик, пара жүдо бөх, хонхтой бөмбөг, диф волейбол, диф шатар, тусгай бочи, пара волейбол зэрэг 11 спортын төрлийн тэмцээнийг 4 спортын заал, 2 талбай, 1 танхимд зохион байгуулна.
Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмын тэмцээнийг Гимнастикийн спортын төрлөөр 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүлснээр төрөл тус бүрд шалгарсан тамирчид наадмын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 тогтоолоор батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу мөнгөн шагналыг олгоно.
Наадмын спортын төрлийн медалийн чанараар эхний 6 аймаг, 3 дүүрэг, 1 хүчний байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрөлд 3 байгууллагыг тус тус шалгаруулж наадмын цом, өргөмжлөлөөр шагнана.
Наадамд баг тамирчдаа илгээж, тэмцээндээ амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоог ханган бүрдүүлсэн аймаг, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, хороод, тэдгээрийн удирдлага, хамт олон, спортын холбоод, хамт олонд спортын өндөр амжилт хүсье.
---оОо---