Мэдээ

Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна

Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна
Гадаад

    Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны аравдугаар сарын 24-с арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн хооронд Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн болно.

    Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах анхны тэмцээн 1974 онд Куба улсын Гавана хотод 11 жингээр зохиогдож байсан бол удаах тэмцээн нь дөрвөн жилийн дараа Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын нийслэл Белград хотноо явагдаж байсан түүхтэй.

    Ингээд боксын дэлхийн аваргын тэмцээнийг Белград хот /1978, 2021 онд/ 43 жилийн зайтай хоёронтоо хүлээн авч буй анхны хот болж байна. Мөн АНУ нь уг тэмцээнийг Рено, Хьюстон, Чикаго хотод гэхчлэн гурвантаа зохион байгуулсан анхны орон юм.

    Энэхүү дэлхийн аварга шалгаруулах 21 дэх тэмцээн анх удаа 13 жингээр явагдах ба 108 орны 650 боксчин хүчээ сорихоор болсон нь оролцогчдын тоогоор түүхэн амжилт болсны сацуу бай шагналын хувьд ч  урьд нь байгаагүйгээр их өндөр мөнгөн дүнтэй гэдгээр онцлогтой.

    АИБА-н Ерөнхийлөгч Умар Кремлёв 2020 оны намар дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Серби 5 сая швейцарь франкаар, 2023 оны дэлхийн аваргын тэмцээнийг Узбекстан 7 сая швейцарь франкаар авсан талаар дуулгасан ба энэ удаагийн боксын эрэгтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 2.5 сая ам.доллар болж байгааг өгүүлсэн.

    Тухайлбал жин тус бүрт аваргалсан боксчин алтан медаль, 100 мянган ам.дол, аваргын бүсээр

Дэд байранд мөнгөн медаль, 50 мянган ам.дол,

Гутгаар байранд хүрэл медаль, 25 мянган ам.доллараар тус тус шагнуулах юм.

Уг тэмцээнд өнөө цагийн шилдгүүд бүгд бүртгүүлсэн байна.

  • Кубын
    • Энди Крус Гомес,
    • Рониэль Иглесиас,
    • Арлен Лопес,
    • Хулио Ла Крус,
  • Арменаас
    • Хованнес Бачков,
  • Азербайжанаас
    • Лорен Альфонсо Домингес,
  • Бразилаас
    • Вандерсон де Оливейр,
    • Абнер Тейксейра,
  • Болгараас
    • Хавьер Ибанес,
    • Радослав Панталеев,
  • Колумбаас
    • Юберген Мартинес Ривас,
  • Францаас
    • Биллал.
    • Беннама,
    • Софиан Омиха,
  • Энэтхэгээс
    • Санжит Санжит,
    • Сачин Кумар,
  • Италиас
    • Симоне Фиори,
  • Японоос
    • Рейто Цуцуми,
  • Казакстан
    • Сакен Бибосинов,
    • Айбек Оралбай,
  • Киргизээс
    • Азат Усеналиев,
  • Филиппинээс
    • Эумир Марсиал,
  • Тайландаас
    • Атичай Фоемсап,
  • Украинаас
    • Цотне Рогава,
  • Узбекстанаас
    • Миразизбек Мирзахалилов,
    • Хасанбой Дусматов,
    • Шахрам Гиясов гэхчлэн олимп, дэлхийн аварга, медальтнуудын жагсаалт хөвөрчээ.

    Эдгээр шилдгүүдийн зэрэгцээ АНУ, ОХУ-н боксын холбооны шигшээ баг дан “битүү” боксчид илгээж байна.

    Ялангуяа оросын багийн бүх боксчид энэ оны есдүгээр сард Кемерова хотод өрнөсөн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд бөгөөд тэднээс эл дэлхийн тэмцээнээс 3-4 алтан медаль хүртэж, ОХУ-н Олимпын хорооны тугийн дор Петр Илич Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертын аялгууг эгшиглүүлэх том зорилготой юм байна.

    Дэлхийн аваргын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 24-ний орой орон нутгийн 19:00 цагаас /УБ цагаас 6 цагийн зөрүүтэй/ Белградын Штарк арена цэнгэлдэхэд явагдана.

    Урьдчилсан тоглолтууд 10 дугаар сарын 25-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн хооронд, 03-ны өдөр амраад, хагас шигшээ тулаан 04-ний өдөр орон нутгийн цагаар 13:00, орой 18:00 цагаас болох бол шигшээ тулаан хоёр өдөр буюу 05, 06-ны өдөр 18:00 цагаас товлогдсон байна.

    Ингээд Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээний түүхэд Монголын ширэн бээлийтнүүдээс шагналын тавцанд гарсан алдартнууд болон 21 дэх удаагийн ДАШТ-д Монгол улсын төрийн далбааг мандуулах эрхэм зорилготой боксчдын мэдээллийг хүргэж байна.

48кг:

  • Тампере 1993 он. Эрдэнэцогтын Цогтжаргал хүрэл медаль, /1989, 1991 онд медалийн төлөө тулалдсан/
  • Милан 2009 он. Пүрэвдоржийн Сэрдамба аварга /монголын боксчдын анхны алтан медаль/,
  • Баку 2011он. Пүрэвдоржийн Сэрдамба хүрэл медаль /49кг/,
  • Белград 2021 онд Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефтитэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ,

51кг:

  • Милан 2009 он. Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль
  • Белград 2021 онд Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл, дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах,

54кг:

  • Чикаго 2007 он. Энхбатын Бадар-Ууган мөнгөн медаль,
  • Белград 2021 онд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан,

57кг:

  • Мюнхен 1982 он. Равсалын Отгонбаяр мөнгөн медаль /монголын боксчдын анхны медаль/,
  • Екатеринбург 2019 он. Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медаль
  • Белград 2021 онд Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний аварга, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар,

60кг:

  • Будапешт 1997 он. Түмэнцэцэгийн Үйтүмэн мөнгөн медаль,
  • Хамбург 2017 он. Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль,
  • Белград 2021 онд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга,

63.5кг:

  • Милан 2009 он. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль /64кг/,
  • Алма-Ата 2013 он. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль /64кг/,
  • Белград 2021 онд Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт,

67кг:

  • Белград 2021 онд Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг,

71кг:

  • Белград 2021 онд Туркийн Ахмед Комерт ОУТ-ний аварга, Чехийн Усти над Лабем ОУТ-ний мөнгөн медальт Отгонбаатарын Бямба-Эрдэнэ,

75кг:

  • Белград 2021 онд Лондонгийн Зуны Олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл, Дэлхийн Цомын мөнгө, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тус тус хүч сорино.

    Мөн ахлах дасгалжуулагчаар Жадамбын Энхтөр, дасгалжуулагчаар Отгончулууны Батхүү, Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр Чулууны Насанбат, ДАШТ-ний зохион байгуулах хороонд олон улсын шүүгч Ганболдын Бадрах нар оролцон ажиллана.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.