Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээнийг манай улсын 9 тамирчин зорьсноос өчигдөр хоёр нь эхний тулаанаа хийлээ.
-63.5 кг жинд Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт хүч үзлээ.
Тэрээр Грекийн Василейос Макрияннистай тулалдаж 5-0 харьцаагаар илт давуу ялсан бөгөөд шилдэг 32-т Тайванийн Лай Чу-Энтай аравдугаар сарын 30-нд тоглоно.
Харин -51 кг жинд Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл, дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах өрсөлдсөн.
Тэрээр эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Харин өнөө шөнө -48 кг жинд Г.Ганхуяг, -60 кг жинд О.Тулга нар эхний тулаанаа хийнэ.
Тэмцээний эхний өдөр -57 кг жинд 2021 онд Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний аварга, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар Казахстаны Серик Темиржановт ялагдан тэмцээнээ дуусгасан.
Мөн -67 кг жинд Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Гуатемалын Карлос Тобар Ромерог ялж шилдэг 32-т шалгарсан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.