Зуны олимпийн 30 дугаар олимп 2012 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 12-ны хооронд хооронд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо болсон. Эл олимпод 204 орны 10957 тамирчин спортын 26 төрөлд 302 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Анхны олимпдоо оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Лондонгийн рингэнд эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн.
Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, алтан медалийн төлөө тоглохоор болсон.
Ингээд алтан медалийн төлөө Кубын Рамирез Карразанатай 3 үеийн турш хүнд тулааныг хийсэн. Эхний хоёр үед тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ба 3-р үед Рамирез Карразана бага зэрэг илүү байснаар 17 : 14 харьцаагаар ялж аварга болсон бол манай Н.Төгсцогт мөнгөн медаль зүүж байв. Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-н Миша Алойан, Ирландын Майкл Конлан нар хүртсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.