News

“ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМ”-ЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛНО


Бүгд Найрамдах Киргиз улсад “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” өнөөдөр албан ёсны нээлтийн ёслолоо хийх гэж байна.
Өнөөдөр оройн 20:00 цагт эхлэх энэхүү наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцоно.
Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны албан ёсны төлөөлөгчид болон 3,500 төлөөлөгчид оролцон нүүдэлчин угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 

Монгол Улсаас энэхүү наадамд спортын 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлан таниулж, спортоор өрсөлдөх юм. 

Энэ удаагийн наадамд анх удаагаа Монголын үндэсний бөхийн барилдааныг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтааснаараа чухал онцлогтой болж байна. 

“Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” нь Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод зохион байгуулагдана.
Наадмын нээлтийн ёслол Киргиз улсад шинээр ашиглалтад орсон 51 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд оролцогч улс орнуудын үндэсний соёл, уламжлал, өвөрмөц онцлогийг харуулсан ёслолын арга хэмжээ болно.

Монголын баг тамирчид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эр зориг, тэсвэр хатуужил, эв нэгдэл, ухаан билэг шингэсэн нүүдэлчин соёл, үндэсний спортын үнэт өвөө тээн, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөхөөр өрсөлдөх гэж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.