Монгол-БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол өнөөдөр болов. 2026-2030 он хүртэл хэрэгжих энэхүү спорт цогцолборт 19 спортын төрлөөр нэгэн зэрэг 1385 хүн, олон ээлжээр 6000 гаруй хүн хичээллэх бөгөөд өдөрт 8000-10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай нийт 58,247 метр квадрат талбайтай юм.
Тус цогцолборт сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуучуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.