News

“ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭ.

 “ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭ.
Мэдээ

ЗГТА- Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Уг аяны нээлтийн үйл ажиллагаа цахимаар явагдаж Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица,  НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, ЗГТА-БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Алхъя аппликейшний  үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр нар оролцож мэдээлэл хийлээ.

 

Манай улсын нийт хүн амын 18-69 насныхны 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмж буюу өдөрт 10000-аас дээш алхам алхаж байна. Энэ нь өдөрт Монголчууд дунджаар 2737 алхдаг гэсэн үзүүлэлт юм.

 

Харин 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. Хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна. Мөн алхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй гэсэн судалгаа гарчээ.

 

Тиймээс аяны үндсэн зорилго нь алхалтаар дархлаагаа дэмжихээс гадна олон нийтэд алхалтын ач тусыг сурталчлах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндээ хамгаалах, алхалтын тоогоо хэмжиж ач холбогдолыг нь тооцоолж сурах, алхалтын мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон талын зорилго, ач холбогдолыг агуулж байгаа юм.

 

Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. Дэлхийн нийт хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай. Энэ нь хөдөлгөөний идэвхгүй байдлаас үүдэлтэй зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг халдварт бус өвчнийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг байна.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.