News

БТСУХ-ны дарга Ц.ШАРАВЖАМЦ Ховд аймагт ажиллалаа

БТСУХ-ны дарга Ц.ШАРАВЖАМЦ Ховд аймагт ажиллалаа
Мэдээ
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай уулзлаа. Уулзалтаар төрөөс биеийн тамир, спортын салбарт баримталж буй бодлого, орон нутгийн биеийн тамир, спортын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, нийтийн биеийн тамир, иргэдийн спортыг хөгжүүлэхэд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. 
Монгол улсын засгийн газраас биеийн тамир, спортын салбарт ялангуяа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийн спорт, иргэнд чиглэсэн ажлуудад онцгой анхаарч буй. Энэ хүрээнд 330 сум, 150 хороонд “Биеийн тамирын арга зүйч” ажиллуулах, 21 аймагт “Спортын дунд сургууль” байгуулах зорилготой. Одоогоор нийт 9 аймагт спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ховд аймгийн хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд “Спорт, урлагийн төрөлжсөн сургууль” байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд сургуулийн дотуур байрыг барьж, спортын заал болон гадна талбайн тохижилтыг хийж дуусгажээ. 
Мөн аймгийн биеийн тамир, спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд анхаарсны үр дүнд спортын амжилт нь ахисан. Тодруулбал волейболын идэрчүүдийн шигшээ баг нь 18 жилийн дараа УАШТ-ээс алтан медаль хүртэж, хөвгүүдийн баг нь шилдэг наймд шалгарчээ. 

Спортын бүтээн байгуулалтын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Булган, Манхан суманд 500 хүний суудалтай 2 цогцолбор ашиглалтанд оруулж бүсийн хэмжээний тэмцээн уралдаан хүлээн авч, амжилттай зохион байгуулсан. Одоо Дарви, Цэцэг, Эрдэнэбүрэн сум болон Ховд хотод спортын заал шинээр баригдаж байна. 
Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.