News

"Азийн хүүхдүүд 2022" наадамд амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулав


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор "Азийн хүүхдүүд 2022" VII олон улсын спортын наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод болсон бөгөөд 26 орны 1650 баг тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тус наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага зохион байгуулалттайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөллийг амжилттай бэлтгэн оролцуулсан. “Азийн хүүхдүүд 2022” наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, шагнаж урамшуулав. Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр Монголын кураш бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Ганбаатар, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Баасандоржийг шагнаж урамшуулсан бол Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр Монголын кураш бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Ганзориг, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш В.Ганболд, “Чандмань оргил” дэвжээний дасгалжуулагч Н.Буянхишиг, Монголын мас рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн, усан спортын дасгалжуулагч Б.Энхтуул нарыг шагналаа. Мөн тус наадмын Монголын багийн тугч Н.Хишигбаярыг спортын дэд мастерын цол тэмдэг гардуулсан бөгөөд тэрбээр усан сэлэлтийн 50 метрийн зайд 26.70 секундын амжилт үзүүлж, спортын дэд мастерын болзол биелүүлсэн байна. Н.Хишигбаяр нь Монгол-Оросын хамтарсан тэмцээний мөнгө, 2019, 2020 оны УАШТ-ий алт, 2021, 2022 оны УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчдад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханы зүгээс "Спорт" ном, гарын бэлэг гардуулав. Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд нийт 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 байр эзэлсэн юм. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болох бол тус наадмын өвлийн тэмцээн уралдаан 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Кемерово хотод болох юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.