Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Ээлжит 4-р Чуулганыг 2021 оны 5-р сарын 1-ний өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Чуулганд туялзуур сэлэмний 5 клубийн 80 мандаттай төлөөлөгчид оролцон Холбооны 2017-2021 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцаж, 2021-2025 онд Холбоог удирдан ажиллах Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.
Холбооны Удирдах зөвлөлийн шинэ гишүүдээр А.Ганхуяг, З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нар, Холбооны Ерөнхийлөгчөөр А.Ганхуяг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдлоо. А.Ганхуяг нь Премиум Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга бөгөөд туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн Чуулганд Олон Улсын Туялзуур Сэлэмний Холбооны (FIE) Ерөнхийлөгч Алишер Бурханович Усманов мэндчилгээ ирүүлж, нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Токио 2020 Олимпийн их наадамыг зохион байгуулах хөтөлбөрийн МТСХ-ны түнш, Япон улсын Аомори мужийн Имабэцү хотын Боловсролын газрын дарга Кацүно Ёшихико оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Япон улсын Аомори мужийн Имабэцү хот нь сүүлийн 5 жилийн хугацаанд Холбооны үйл ажиллагааг дэмжиж ирсэн ба цаашид ч спорт, соёл, боловсролын олон төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд МТСХ-ны тамирчин, Спортын мастер Б.Амарзаяа нь манай улсаас олон улсын зэрэглэл өндөр тэмцээнээс анхны медалийг авсан амжилтыг гаргаад байгаа юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.