Мэндчилгээ

     Тамирчид, дасгалжуулагчид, нийт спорт сонирхогчид та бүхэндээ Монголын модон барилдааны холбооны зүгээс болон хувиасаа энэхүү мэндчилгээг хүргэж байгаадаа баяртай байна.

Юуны өмнө Мас-рестлинг буюу модон барилдааны спортыг Монгол улсад хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж буй тамирчин дасгалжуулагч, холбооны удирдлагууд болон шинэ тутам хөгжиж буй энэхүү спортын төрлийг дэмжин ажилладаг дэмжигч байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Модон барилдаан нь Алс дорнодын Саха үндэстний үндэсний спорт байсаар олон зууныг үдсэн боловч өнгөрсөн зууны дунд үеэс спортын шинэ төрөлд тооцогдон өнөөдөр орчин үеийн спортын хэв шинжийг олж дэлхий 5 тивийн 73 оронд эрчимтэй хөгжиж байгаа халз тулааны спортын нэгэн шинэ төрөл болоод байна. Энэхүү спортын төрөл нь тамирчдын бие бялдар, оюун санааны төлөвшил, хүмүүжил, боловсролыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой бөгөөд олон зууны туршид өөрийн гэсэн онцлог, филсофийг хадгалан ирсэн юм.

Манай улсын хувьд Монголын модон барилдааны/мас-рестлинг/ холбоо нь 2012 онд үүсгэн байгуулагдаж Олон улсын мас-рестлингийн холбоонд албан ёсоор элсэн орсон бөгөөд 2014 оноос эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчид, өсвөр үеийн ангилалд жил бүр зохион байгуулж байгаагаас гадна тив, дэлхийн олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа тогтмол оролцуулж ирсэн. Модон барилдаанаар хичээллэгч тамирчдаас өнөөдөр дэлхий аваргын 3 хүрэл медальтан, дэлхийн цом болон тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтнууд, азийн хүүхдийн наадмын медальт 10 гаруй тамирчид төрөн гарсан нь өнгөрсөн хугацаанд спортын энэ төрөл манай улсад хэрхэн хөгжиж байгааг харуулна бизээ.

Монгол Улсын  газар зүйн байршил, уур амьсгалын эрс тэс нөхцөл байдал нь  мас-рестлингийн өлгий нутаг болох алс дорнодын район Якуттай төстэйгээс гадна монголчуудын үнэт өв болсон үндэсний бөхийн суурин дээр энэ спортын төрөл хөгжсөнөөр  цаашид монгол тамирчид тив, дэлхийн  олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах  бүрэн боломжтой спортын төрөл юм.

Олон улсын мас-рестлингийн холбооны зүгээс баримталж буй бодлогын хүрээнд энэ спортын төрлийг дэлхий нийтэд эрчимтэй таниулсанаар хүн төрөлхтөний цэнгэлийн манлай Олимпын их наадмын төрөлд оруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тиймээс манай орны ирээдүй болсон хүүхэд, залуучууд, тамирчид, спорт сонирхогчид та бүхэн  энэхүү спортын төрлөөр идэвхитэй хичээллэнэ гэдэгт итгэж байна.

 Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 Монголын модон барилдааны холбооны Ерөнхийлөгч

Э.Мөнхсүрэн

Хуваалцах: