Түүхэн замнал

МАС-РЕСТЛИНГ БУЮУ МОДОН БАРИЛДААНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагийн ардтүмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны бэлтгэлийн өвөрмөц филсофи  бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил,  бие бялдар, оюун санааны боловсрол олгох ач холбогдолтой халз тулааны спортын нэгэн төрөл юм. Энэхүү халз тулааны спортын орчин үеийн нэршилийг Сахагаас төрсөн чөлөөт бөхийн анхны олимпийн аварга Роман Дмитриев санал болгосон бөгөөд энэ нь  Якут хэлнээс  "Мас- мод", англи хэлнээс "Рестлинг /wrestling/ -  тэмцэл" гэсэн утгатай үгний нийлбэр юм.

    Мас-рестлингийн түүхэн хөгжлийн үндэс нь эртнээс улбаатай юм. Энэхүү уламжлалт барилдааны  үүсэл, хөгжилд газар зүйн байршил, цаг уурын нөхцөл байдал чухал нөлөө үзүүлсэн нь тухайн спортын төрөл үүсэх суурь болжээ.  Өөрөөр хэлбэл энэ спортын өлгий нутаг болсон Якут нь  цаг уурын нөхцөл байдлын хувьд өвөл нь маш урт үргэлжилдэг ба -60 хэм хүртэл хүйтэрч,  зундаа 40 хэм хүртэл халдаг учир мас-рестлинг нь алс дорнодын энэ амьдралын хэв маяг, эрс тэс уур амьсгалд дассан зохицож,  амьд үлдэхийн төлөөх байнгын тэмцэлээс урган гарсан спортын нэгэн төрөл гэж үздэг.  Сахачуудын хувьд  энэхүү хатуу ширүүн уур амьсгалд амьдрахын тулд бие бялдараа чийрэгжүүлэх бодит шаардлага алхам тутамд үүсч байсан бөгөөд ингэхийн  тулд түүхэн цаг хугацааны  туршид мас-рестлингээр дамжуулан үндэстнийхээ эрүүл мэндийг дэмжих өвөрмөц тогтолцоог бий болгож чадсан  байна.


    Мас-рестлинг (тухайн үедээ мас-тардиси буюу таяг татах) нь спортын нэгэн төрөл болохыг XVII зууны үеийн  Сибирь болон Алс дорнодын түүхэн эх  сурвалжуудад  судлаачид тэмдэглэн үлдээсэн байдаг. Якутад Зөвлөлт засгийн эрх тогтсоны дараа буюу 1923 онд Якутын биеийн тамир, спортын зөвлөл анхлан байгуулагдаж байсан бөгөөд 1926 онд энэхүү зөвлөл нь Якутын үндэсний спортын төрлүүдийгтодорхойлж, дүрмийг баталж байсан байна. Тухайн үедтодорхойлсон спортын төрлүүдийн дунд тэргүүлэх байр суурийг мас-рестлинг буюу модон барилдаан эзэлж байсан ба энэ спортын  анхны дүрэм ч мөн энэ үед батлагдаж, улмаар уг дүрмийг хэд хэдэн удаа сайжруулснаар  1959 онд мэргэжлийн спорт болгох стандартыг боловсруулжээ. 1932 онд энэ спорт нь  бусад үндэсний спортын нэгэн адил бүх Якутын спартакиадын хөтөлбөрт багтаж байсан бол 1968 оноос үндэсний спортын "Манчаарагийн наадам" спартакиадын хөтөлбөрт мөн орсон байна.

    Анхны албан ёсны мэргэжлийн спортын дүрмийг 1945 онд боловсруулснаас хойш хэд хэдэн удаа шинэчилэн сайжруулж, ангилал, стандартыг боловсруулж энэ спортын төрөлд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) улсын спортын мастер цол хүртээдэг болсон байна. Одоогоор насанд хүрсэн эрэгтэйчүүдийн долоо,эмэгтэйчүүдийн тав, залуучуудын эрэгтэйчүүдийн зургаан жингийн ангилалд тэмцээнийг зохион байгуулдаг болсон бөгөөд орчин үеийн спортын шинжлэх ухааны инновацийг уг спортод ашигласнаар мас-рестлинг буюу модон барилдаан нь орчин үеийн халз тулааны спортын шинэ төрөл болон хөгжиж байна. Мөн түүнчлэн өнгөрсөн зууны 80-аад оны дунд үед Мас-рестлингийн дүрэмд илүү динамик арга техникийг ашиглахыг зөвшөөрсөн нь энэхүү спортын хөгжилд томоохон түлхэц болсон байна. Дээрх өөрчлөлтийг хийхэд нэлээд сорилтыг даван туулах шаардлага гарсан бөгөөд уг спортыг  уламжлалт хэв маягаас орчин үеийн спортын төрөл болгон хөгжүүлэхэд  өөрсдийн амьдралыг зориулсан Петр Кривошапкин, Георгий Цыпандин, Петр Каратаев, Дмитрий Шарин, Николай Софронов зэрэг хүмүүсийн хувь нэмэр асар их байсан тул тэднийг өнөөдөр бид “Орчин үеийн мас-рестлингийг үндэслэгчид” хэмээн хүлээн зөвшөөрдөг юм.


    Халз тулааны спортын бусад төрөлд дэлхийн шилдгүүдэд зүй ёсоор нэрлэгдэх Якутаас гаралтай оросын  спортын од тамирчдын хувьд тэд хар багаасаа л мас-рестлингээр тууштай хичээллэж байжээ. Өнөөдөр оросын ард түмэн Виктор Колибабчук, Николай Колодко, Анатолий Баишев, Евгений Сивцев, Владимир Шарин, Иван Белолюбский, Федор Федоров, Андрей Маркин болон энэ спортын төрлөөр уйгагүй хичээллэн амжилтад хүрсэн үнэмлэхүй аваргуудаа хүндэтгэн хайрладаг.

    Якутуудын дунд амьдралдаа ядаж нэг удаа ийм төрлийн тэмцээнд оролцоогүй хүн бараг байдаггүй гэх нь бий.  Залуу якут хүн бүр жинхэнэ эр хүн гэж нэрлэгдэхийн тулд бие махбодийн тодорхой шинж чанартай байх ёстойг уран зохиолын эх сурвалжуудад хүртэл тэмдэглэн үлдээжээ. Энэ спорт нь хүний хүч чадал, авхаалж самбаа, хурд, тэсвэр тэвчээр, эр зориг, шийдэмгий байдал зэрэг чанарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хэрэглэгдэхүүний хувьд энгийн, түгээмэл байдаг нь якутуудад энэ төрлийн халз тулааны  спортоор улирал харгалзахгүй хичээллэх боломжийг олгодог байна. Тухайлбал: энэ спортын төрөлд бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан явуулахад тусгай өрөө шаардагддаггүй нь  бас нэгэн онцлог юм.

    Өнөө үед Бүгд Найрамдах Саха (Якут) улсын ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын хөтөлбөрт өөрчлөлт орж  үндэсний спортын төрлүүдийг, тэр дундаа мас-рестлингийг биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулсанаас гадна спортын төрөлжсөн сургалттай сургуулиудад тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургуулилалтыг хийлгэн, ЕБС-ийн сурагчдын дунд тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна. Түүгээр ч зогсохгүй энэ спортыг хөгжүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч  засаг захиргааны бүх нэгжүүдэд дугуйлан, секцүүдийг байгуулан дасгалжуулагчдаар ханган ажиллаж байгаа нь энэ сппортын төрлийн хөгжилд хэрхэн анхаарч байгааг харуулж байна.

    Нэг үгээр хэлбэл, мас-рестлинг буюу модон барилдааны спорт нь уламжлал, өв соёл дээр тулгуурлан орчин үеийн спортын шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэн хөгжиж ирсэнээрээ энэ спортын төрөл цаашид амжилттай хөгжих бааз суурийг бэхжүүлж ойрын ирээдүйд дэлхий нийтэд хурдацтай хөгжих боломжтой халз тулааны спортын нэгэн төрөл болж байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхон хичээллэгсэдийн тоо дэлхий даяар улам бүр нэмэгдэж  орос болон дэлхийн бусад улсуудад хурдацтай хөгжиж байгаа спортын төрөлд зүй ёсоор багтаж байгаа юм. Орчин үед мас-рестлингийн тив, дэлхийн аваргын тэмцээнүүд ахмад,насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн гэсэн насны ангилалаар зохиогдож дэлхийн таван тивийн 73 улс оронд эрчимтэй хөгжиж байна.  Тухайлбал: Жил бүр зохиогддог тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 2000 оноос хойш Олон улсын олимпийн хорооны ивээлд байдаг “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмын хөтөлбөрт мас-рестлинг буюу модон барилдааны төрлийг албан ёсоор багтаасан.

    Монгол улсын хувьд Олон улсын мас-рестлингийн холбоонд 2012 онд элсэн орсоноор энэхүү спортын төрөл нь манай улсад шинэ тутам хөгжиж байгаа төрөл болоод байна. Монголын модон барилдааны холбооны зүгээс 2014 оноос эхлэн Улсын аваргын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн нь энэхүү спортын төрлийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулахад хийж байгаа томоохон алхам юм. Тэр ч үүднээсээ өнөөдөр манай улсад мас-рестлинг буюу модон барилдаанаар сонирхон хичээллэгсэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь цаашид хөгжих боломж байгааг харуулж байна. Одоогоор манай улсад нийт 100 гаруй тамирчин энэ спортоор тогтмол хичээллэж байна. 


Хуваалцах: