Олон зуун жилийг элээн, өвлөн уламжлагдсан Монголын үндэсний өвлийн өвөрмөц спорт, мөсний шагайн харвааны үе үеийн шилдэг харваач тамирчид, соёлын өв, үндэсний спортыг дэмжиж хамтран ажиллаж буй бүхий л байгууллага, хувь хүмүүс, хамт олон та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Монголын ард түмний өнө зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн, хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан, олон түмнийг хамруулсан үндэсний спортын нэгэн төрөл болгох эрхэм зорилго бүхий Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо нь 2000 онд албан ёсоор байгуулагдаж, өөрийн гэсэн дүрэм, журам, стандарттай болж, улсын чанартай тэмцээн, уралдаан зохиож эхэлснээр 20 өвлийг ардаа үджээ.
Анх 100 гаруйхан харваачдыг эгнээндээ багтааж байсан тус холбоо нь өдгөө 10 гаруй салбар холбоод, 30 орчим дэвжээдтэй болж, гишүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 1000 орчимд хүрч, Монгол Улсын Дархан мэргэн 6, Хошой мэргэн болон Улсын мэргэн 50 гаруй, Спортын мастер, дэд мастер 40 гаруй төрөн гарчээ.
Үндэсний мөсний шагайн харваа нь Монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаалан, уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ орчин үед Монгол улсын холбогдох хууль, тогтоомжыг хүндэтгэн сахиж Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны бүрэлдэхүүн хэсэг болж, үндэсний спортын төвшинд хөгжиж байна.
Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг тул соёлын өвийн судлагдахуун болж, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, соёлын өв, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
Үндэсний мөсний шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, үндэсний баяр, наадгайгаар дамжуулан залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, дэлхийн олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн олон салбартай цаашид ч идэвх санаачлагатай хамтран ажиллахад бид бэлэн байна.
Олон зуун жилийг элээн, өвлөн уламжлагдсан Монголын үндэсний өвлийн өвөрмөц спорт, мөсний шагайн харвааг бүх аймаг, сумдад дэлгэрүүлж, хүүхэд, залуучуудыг идэвхтэй хичээллүүлэн, баг тамирчдыг бэлтгэн, орчин нөхцлийг бүрдүүлж, улмаар олимп, тив, дэлхийн спортын төрөл болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Өв соёлоо уламжлан, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэн, үндэсний спортоор хичээллэхийг Монголын нийт ард түмэндээ уриалж байна.
ХҮНДЭТГЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ НАСАН-ОЧИРЫН ЭРДЭНЭ-ОЧИР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.