Мэдээ

Танилцуулга

Танилцуулга
Сайтын хуудас
Мөсний шагайн харвааны түүх:
Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйлд: “... Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годилоо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ” хэмээн мөсний шагайн тухай тодорхой дурдсан байдаг. Энэ нь XIII зууны үед монголчууд мөсний шагай харваж тоглож байсан тухай баттай баримт бөгөөд магадгүй үүнээс өмнө Хүннүгийн үед ч байсан байх бүрэн боломжтой юм.
Улмаар XVII зууны үед Халхын Зая Гэгээн Лувсанпэрэнлэй Төв Халхын нутагт уламжлан хөгжүүлсэн байдаг. Заяын шавьд лам нарын дунд зуны эхэн сард ханиад өвчин гарч илааршихгүй байсан гэх агаад Зая гэгээн бие булчингийн хөдөлгөөн, чадал хүч, сэтгэл, оюун ухааны нэгдэл болсон энэ наадгайг зохион хийдийнхээ сүүдэрт номын хүчээр мөс хөлдөөн дэг жаягыг боловсруулж, лам нарыг тоглуулан эдгээн анагааж байсан гэсэн домог хууч бий. Зая гэгээнийг төрөлхийн гоц ухаантай, бүх талын билэг авьяастай, энэтхэг, төвд, манж, самгард бичиг сурсан, жаран хасаг тэрэг ном уншсан, оточ маарамбын дамжаа барьсан их эрдэмтэн, Далай лам, Ванчин-Богд нарт үнэлэгдсэн гэх мэтээр судар түүхэнд үлэмж ихээр магтан дээдэлсэн байдаг. Тэгэхээр Лувсанпэрэнлэй гэгээнтэнг мөхөж гээгдэхгүй мөсний шагайн харвааг болгоон, хүний бие, эрүүл мэндэд ямар үүрэг нөлөөтэйг бүх талаас нь судлан тодорхойлсон хүн гэж үзэх уялдаа холбоо буй билээ.
Ийнхүү өнө эртний түүхтэй энэхүү монгол наадам нь XVII-XX зууны үед гол төлөв төв халхын эрсийн гол тоглоом болж өвлөгдөн уламжлагдаж иржээ. Харин социализмын үед энэ наадмыг хориглож байснаас уламжлал тасрах хандлагатай болж, мөсний шагайн харвааны талаар маш сонин домог, хууч ам дамжин яригдсаар 1990-ээд онтой золгосон байна.
Монголын үндэсний мөсний шагайн холбоо:
Монгол эрчүүдийн авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж уламжлан өвлөгдсөн энэхүү мөсний шагайн харвааг хөгжүүлэх зорилгоор 1997 онд “Хасу Холдинг” компанийн захирал Ч.Зундуй-Осор, Монгол улсын заан Г.Хишигдорж, доктор Ө.Сүхбаатар, С.Санжаабээрэн, Б.Пүрэв-Очир, О.Дашдорж, М.Батмөнх нарын Архангай нутгийн олон эрчүүд санаа зорилго нийлэн, холбоо байгуулах санал гаргаж, идэвх зүтгэл гаргасны хүчинд 2000 оны 2 дугаар сарын 15-нд Хууль зүйн яаманд бүртгүүлж, Монголын үндэсний мөсний шагайн холбоо (МҮМШХ) албан ёсоор байгууллагдсан юм.
Тус холбооны эрхэм зорилго нь Монголын ард түмний өнө зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан үндэсний спортын нэгэн төрөл болгон цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгоход оршино хэмээн тодорхойлсон байдаг.
Түүхийн явцаас үзвэл мөсний шагай нь ардын наадгай хэлбэртэй хөгжлийн нэгэн шатанд явж ирсэн бөгөөд 2000 онд МҮМШХ байгуулагдсанаар уг спорт өөрийн гэсэн дүрэм, журам, стандарттай болж, улсын чанартай тэмцээн уралдаан зохиож эхэлснээр хөгжлийн хоёр дахь шатандаа гарсан гэж үзэж болно. Анх 100 гаруйхан харваачдыг эгнээндээ багтааж байсан тус холбоо нь өдгөө 10 гаруй салбар холбоод, 30 орчим дэвжээдтэй болж, гишүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 1000 орчимд хүрээд байна. Холбоо байгуулагдсан үеэс эхлэн бусад спортын төрлүүдтэй адил тогтмол тэмцээн, уралдаан зохиож, төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, спортын мастер, дэд мастер, улсын шүүгчийн зэрэг цолны болзлыг батлуулан олгож эхэлснээс гадна Мөсний шагайн Улсын мэргэн, Хошой мэргэн, Дархан мэргэн цол, үнэмлэх, тэмдэг олгож эхэлсэн юм. Өдгөө Монгол Улсын Дархан мэргэн 6 (Б.Жамсранжав, Б.Баасанжав, Ш.Батбаатар, С.Чулуун-Эрдэнэ, Ч.Мандахбаяр, Д.Ууганбаяр), Хошой мэргэн болон Улсын мэргэн 50 гаруй, Спортын мастер, дэд мастер 40 гаруй төрөн гарчээ.
Тус холбоо нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжыг хүндэтгэн сахиж Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хорооны бүрэлдэхүүн хэсэг болж, үйл ажиллагаагаа тогтмол, идэвхтэй явуулж байна.
Мөсний шагайн харваа нь Монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаалан, уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ орчин үед үндэсний спортын төвшинд хөгжсөөр байна. Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг тул ийнхүү энэ олон зуун жилийг элээн өвлөн уламжлагдаж, боловсрон хөгжиж байна.
Үндэсний мөсний шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, үндэсний баяр, наадгайгаар дамжуулан залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, дэлхийн олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн олон салбартай идэвх санаачлагатай хамтран ажиллаж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.