Шагайн харвааны нэгдсэн дүрэм
Монголын Шагайн харвааны холбооны 2018 оны 05 сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар шинэчлэн батлав.
Шагайн харвааны нэгдсэн дүрэм
Нэг. Ерөнхий зүйл
Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл мөн. Шагайн харвааны зорилго нь харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх явдал юм.
Энэхүү дүрэмд шагайн харвааны төрөл, зохион байгуулапт, тэмцээн явуулах журмыг тусгасан болно.
Хоёр. Шагайн харвааны төрөл
Шагайн харваа нь шагайн харвааны тэмцээн /цаашид “Тэмцээн” гэх/, шагайн тойром /цаашид “Тойром” гэх/ гэсэн 2 үндсэн хэлбэртэй.
Тэмцээн нь дотроо багийн цуваа, хүн нэг бүрийн гэж 2 ангилагдана. Тэмцээнийг “Шагайн харвааны тэмцээний дүрэм”-ийн дагуу явуулна.
Тойрмын харваа нь шагайн харвааны өнөөгийн тэмцээнүүдийн эртний уламжлалт хэлбэр мөн. Тойрмыг тухайн орон нутагт энэ талаар тогтсон журам, эрт үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлын дагуу зохион явуулна.
Гурав. Шагайн харвааны зохион байгуулалт
Багийн бүрэлдэхүүн, үе
А. Баг зургаан үндсэн харваач /нэг ахлагч/-тай, хоёроос дээшгүй тооны орлон тоглогчтой байна.
Б. Харваач нэг жилд нэг багт л харвана. Тухайн жилдээ аймаг, нийслэл, бүс, улсын чанартай тэмцээн /тухайн жилийн МШХХ-ноос баталсан жагсаалтад дурдагдсан буюу томоохон түүхэн тэмдэглэлт үйл явдалын үеэр санаачлагчдын зарласан\-үүдэд оролцох багаа /8-аас илүүгүй харваачтайгаар/ аймаг, нийслэлийн салбар холбоогоор дамжуулан МШХХ- онд оны эхний буюу 1 дүгээр сарын 15-ны дотор мэдүүлэгээ бүртгүүлэн батламжаа авснаар тэмцээнд оролцох эрхээ эдлэнэ. Баг зөвхөн багаараа тэмцээнд оролцох ба өөр багаас сэлбэж тоглохгүй.
В. Харваачдын сум тавих ээлжийг үе /баг тус бүрээс хоёр, хоёр харваач салаавчилж сууж харвана/ гэнэ. Эхний үеийг “нийлэг үе”, дараагийн үеийг “шувтарга үе”, сүүлчийн үеийг “мэргэ үе” гэж нэрлэнэ. Баг үеэ өөрсдөө зохион байгуулна.
Шагайн харвааны хэрэгсэл
Баг, харваач тус бүр шагайн харвааны хэрэслэл /мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум/-тэй байна. Мод нь зурхай, аравч, суурь /сэнтий/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
а. Зурхайг 50×35 см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийнэ.
б. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31 см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10 см байна.
в. Тохойн урт 52,5 см буюу харвах зайн нийт урт 9 тохой / хэцнээс харваачийн хашлага тавьж буй хөл /гутал/-ний өлмий хүртэл байх бөгөөд 52,5х4м 72 см 5 мм мөн хатуу модоор хийнэ.
г. Хасааны өндөр 1,3 см, урт 2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд /хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийнэ.
д. Харваачийн хувийн хэрэгсэл /хашлага, сум, тулгуур-сандал/ -ийн хэмжээг заахгүй, харин сум нь заавал цул байвал зохино. Хашлагад уламжлалт зоолтоос өөр зүйл /тэгш ус, лазер гэрэл г.м/ хийхийг хориглоно.
Харваачийн эрх, үүрэг.
Харваачийн үүрэг:
а. Энэхүү дүрмийн бүх шаардлагыг бүрэн биелүүлэх
б. Сахилга, дэг журмыг сахин, бусад харваачид, шүүгчид, үзэгчдийг хүндэтгэн соёлч боловсон, даруу төлөв байж уламжлалт ёс жаягийг дагаж мөрдөх.
в. Харваач бүр ур хийц, үзэмж сайтай, дүрмийн дагуу хийсэн хэрэгсэлтэй байх /хашлага, сум/
г. Шүүгчийн шаардлагыг чанд биелүүлэх
д. Зохион байгуулалттай тэмцээн, уралдаанд тухайн үеийн журам, дүрмийг хатуу сахих
е. Шагайн харвааны тойром, тэмцээн бүрт үндэсний хувцастай тоглоно.
Харваачийн эрх:
а. Шагайн харвааны тэмцээнд орох.
б. Өөрийн санал хүсэлтийг Шагайн харвааны холбоо, салбар холбоо, зөвлөлд болон Биеийн тамир, спортын байгууллагад тавих /Тэмцээний явцад гарсан санал гомдлыг зөвхөн багийн ахлагчаар дамжуулан шүүгчийн бүрэлдэхүүнд уламжлах/
Хориглох зүйл:
а. Нэг багийн харваачид тухайн багтай тэмцээн эхэлснээс хойш тоглож дуустал хугацаанд уухайлахаас өөрөөр нэг нь нөгөөгөө удирдах барил, харвааг заах.
б. Нөгөө багийн харваачдийг суудлаар шахах, амжилтыг бууруулахад чиглэсэн ямар нэг сөрөг үйлдэл \бахирах, орилох, хашгирах г.м\ хийх. Хэрэв эсрэг багийн харваачийг алдуулах зорилготой дээрх үйлдэл илэрвэл сум тавих гэж байгаа харваачийг сумыг нь тавиулалгүй оносонд тооцно.
в. Нөгөө багийн харваачийн сумыг өөрт нь шидэж өгөх
г. Шагай харвах үед архи, тамхи хэрэглэх
д. Тэмцээнд оролцож буй харваачид, хасаа маллагчдыг байц суудал дээр ярих, ус, ундаа уухыг
Дөрөв. Шагайн харвааны тэмцээн
УАШТ, Үндэсний их баяр наадмын тэмцээн, Үндэсний спортын наадмын тэмцээнүүд болон бүх тэмцээнийг энэхүү дүрмийн дагуу явуулна.
Тэмцээнд оролцогч багуудыг бүсчлэх буюу тойрч тоглуулах, бөхчлөх \нугалах\ журмаар тэмцээнийг зохион явуулна. Тэмцээнийг бүсчлэх, тойрох, бөхчлөх \нугалах\ асуудлыг оролцогч багийн тоо, цаг хугацааны байдал зэргийг харгалзан багийн ахлачдын техникийн зөвлөгөөнөөр шийднэ.
Багуудын тоглох дарааллыг зөвхөн сугалаагаар хийнэ.
Багийн харваа
а. Тэмцээнийг хоёр өрөг харвах бөгөөд хоёр баг өөр, өөрийн модон дээр тус бүр нэг өрөг харвана.
а. Тэмцээнийг хоёр өрөг харвах бөгөөд хоёр баг өөр, өөрийн модон дээр тус бүр нэг өрөг харвана.
б. Эхний өргийг сугалаа /кодекс/-гаар эсрэг багийн модон дээр тоглох бөгөөд модны эзэн баг нь задгай талаас эхний сум тавина. /нийлнэ/
в. Баг бүр арван таван хасаатай байх бөгөөд хоёр талаас бүх хасааг өрөх бөгөөд 7,7 сумаар нийлнэ. Хасааг домбо хооронд 5 мм-ийн зайтай, зурхайн хэцний ар ирмэгээс мм-ийн зайтай \ар модтой\ тэгш өрнө. Хасааг жишүү болгох, тулгаж шахах, голын цэгээс холдуулж татах зэрэг үйлдэл гаргахгүй өрнө.
г. Хоёр багийн нийт гучин хасааг онож дуустал харваачид сум тавина.
д. Харваач сум тавих ээлжиндээ хуруугаа сумаа няслахаар татан сумны ард очсноос хойш сум, хашлаганаас урагш гарсан тохиолдолд сум тавьсанд тооцогдоно.
е. Харваачийн тавьсан сум аравчинд хүрэхээс өмнө хасаанд хүрч хасааг зурхайнаас гаргавал оноонд тооцоно. Хэрэв сум аль нэг хасааг байтуулж / хасаа зурхай дээр үлдэх/ аравчнаас аль нэг хасааг эргэж цохиж зурхайнаас гаргавал мөн оноонд тооцно.
ж. Хоёр өргийн эцэст нөгөө багаасаа хасаа татсан буюу хасаагаа хоёр дахин түрүүлж барсан /онож дуусгасан/ баг хожино.
з. Хоёр багийн хасааны таталт ижил буюу багууд ээлжилж хасаагаа түрүүлж барвал дундын дүүжин тавина. Дүүжин нь 2 мм-ээс зузаангүй, цагаан жижиг төмөр мөнгө /монет/ байна. Дүүжинг хасааны адил ононо /байтсаныг оноонд тооцохгүй/. Дүүжинг тухайн дүүжин гарсан багийн модон дээр тавих бөгөөд аравчийг хойшлуулж шүүгчээр тавиулна. Дүүжинг суман тэгшээр оносон тал хожино. Дүүжинд дагавар сум тавих тохиолдол нь хэрэв оносон харваачийн сум нь сондгой тохиолдолд сум тэгшлэх нөхцлөөр хажуугийн эсрэг багийн харваач нэхэж сум тавина. Нэхэж тавьсан сум оновол тэмцээн цааш үргэлжилнэ.
и. Хоёр өрөг харвааг нэг бүтэн тоглолт /цаашид “Тоглолт” гэх/ гэнэ. Тоглолтын явцад үе сольж болохгүй, харин аль нэг харваачийг орлон тоглогч /замен/-оор сольж болно. Гэхдээ нэг өрөгт үе доторхи суудал. харваачийг тус тус сольж болохгүй.
к. Харваач ээлжиндээ бус урьдчилан сум тавьсан тохиолдолд нөхөж сум тавиулахгүй, хасааг оносон ч оноонд тооцохгүй.
л. Тэмцээнд орж буй 2 багийн эхний тоглолт дууссаны дараа нөгөө багийн модон дээр очих хугацаа 5-8 минут байх бөгөөд түүнээс хэтэрвэл ирж тоглох багийг мөн хожигдсонд тооцно.
м. Тоглолт дуусмагц /5 минут дотор/ багийн ахлагч нар шүүгчид хожлоо тэмдэглүүлж байвал зохино.
н. Тэмцээний хагас болон шигшээ тоглолтонд 3 баг бие биеэ тойрч хожсон тохиолдолд сум уралдуулж хожлыг шийдвэрлэх ба баг бүрийн харваачид нэг хасаанд нэг сум тавина. Багийн нэг хасаанд оносон нийлбэр оноогоор дүнг гаргана. /Сум уралдуулж буй багийн харваачийг хасаа маллахыг хориглоно./
о. 60-аас дээш насны ахмад харваачдын баг тухайн тэмцээнд 7 тоогоор тоглоход чавх оролцуулах эсэхийг техникийн зөвлөлгөөнөөр шийднэ. Чавх оролцуулсан тохиолдолд 60- аас дээш настай нь иргэний баримт бичгээр нотлогдсон тухайн багийн батламж мэдүүлэгт орсон харваач шувтрага үеэнд нэг хасаанд харвана /чавхдана/.
ө. Тэмцээнд 16 нас хүрээгүй хүүхэд харвах тохиолдолд 5-6 насны хүүхэд 3 тохойноос, 7-8 насны хүүхэд 4 тохойноос, 9-10 насны хүүхэд 5 тохойноос, 11-12 насны хүүхэд 6 тохойноос, 13-14 насны хүүхэд 7 тохойноос, 15-16 насны хүүхэд 8 тохойноос тус тус харвана.
Нэг бүрийн цуваа.
а. Харваач нэг бүрийн цувааг явуүлахдаа харваач бүр хорин сум тавина. Үүнд: эхний 12 сумыг 8 хасаанд ,дараагийн 4 сумыг товхонд, сүүлчийн 4 сумыг 2 хасаа /тулгасан хасаа/-нд тус тус тавина. Байтсан тохиолдолд оноонд тооцохгүй.
б. Оноо тэнцсэн харваачдыг нэг хасаанд тохой сунгаж сум уралдуулан байр эзлүүлнэ. /хорин нэг дэх сумыг 9 тохойноос, хорин хоёр дахь сумаас дээшхийг 10 тохойноос./
Тав. Уламжлалт тойром харвах /хожил, харьцал, дүүжин/
а. Хоёр баг тус бүр 15, нийт 30 хасаа өрнө.
б. Багуудаас үе тутамд хоёр харваач сууж харвана. Олон харваачтай багт захирагдан үеэ, нийллэгээ хэдэн сумаар нийлэхээ тогтоно. Гоцтой байж болно.
в. Баг бүр өөрийн харваачийн онох бүрт нэг хасаа шимж тохой дээр уяна. Хасаа зурхайнаас заавал гарсан байна.
г. Өөрийн багийн хасааг барсаны дараа онох бүртээ нөгөө баг /айл/-ийн нэг хасааг шимж /авч/ мөн өөрийн тохойн дээр уяна. /хасаа татах/
д. Зурхай дээрх бүх хасааг онож дуусахад өрөг дуусна. /хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 8 хасаа татсан бол шууд хожил гарна./
е. Хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 3 хасаа татаж чадаагүй нөхцөлд харьцал /тэнцэл/ үүснэ.
ж. Хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 3 буюу түүнээс дээш тооны хасаа татсан нөхцөлд адаг өрөг харваа хожлыг шийдвэрлэнэ.
з. Адаг өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 5 хасаа татсан бол хожил гарна.
и. Адаг өрөг харваад 5 хасаа татаагүй бол мөн харьцал / тэнцэл/ үүснэ.
к. Хожил, харьцал шийдвэрлэх хасаа нь хасаагаа татуулж байгаа багийн сүүлчийн хасаа байвал түүний оронд “дүүжин” тавина. Дүүжингийн урт, өргөн нь хасааны хэмжээтэй, харин өндөр нь 2мм-ээс ихгүй байна. Дүүжингийн оронд мөнгө / монет/ тавьж болно. Дүүжинд суман тэгшээр оноо тооцно.
л. Чавх /буу/-аар дагнан харвагчдын бүрдэл нийт харваачдын 40%-ийг эзэлж байвал тусгай тоглолт зохион байгуулж байр эзлүүлнэ. Ийм тохиолдолд 20 сумны 8-ыг 2 хасаанд, 8-ыг нэг хасаанд, 4-ийг дүүжинд харвуулна.
Жич: Тойромд далд буюу ноён үе /дөрөв дэх үе/-тэй харваж болно. Знэ тохиолдолд хана хасаатай харвана. Энэ үед “ноён” үе нь 3 сумаар нийлнэ. Энэ тохиолдолд хананд алдсан тоогоор хасаагаар нөхөж харвадаг уламжлалыг баримталж болно.
Багууд аль болох ахмад харваачтай баг дээр очиж тоглодог уламжлалаа баримтлана.Тойром зохион байгуулагчдыг тухайн тойрмоос босоо баг буюу шилдэг баг шалгаруулж урамшуулахыг дэмжинэ.
3ургаа. Шүүгчийн бүрэлдэхүүн
Тэмцээнийг зохион явуулж буй байгууллага шүүгчийн бүрэлдэхүүн /коллеги/-ийг томилно. Шүүгчийн бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч, Нарийн бичгийн дарга, Шүүгчид, туршлагатай ахмад харваачид, шагай харвах дүрмийг сайн мэддэг хүмүүсийг оролцуулна.
а. Ерөнхий шүүгчийн эрх, үүрэг
– Тэмцээний дүрэм зааврыг судалж, техникийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, шүүгчдийн хийж гүйцэтгэх ажил, үүргийг хуваарилах
- Тэмцээнд оролцогч багүудын мэдүүлгийг хүлээн авч, бүсчлэх ажлыг сугалаагаар зохион байгуулах.
-Тэмцээний үед тоглолт болон шүүгч нарын ажиллагаанд хяналт тавих, тоглолтыг цагт нь явуулах.
- Тэмцээний дүн, материалыг зохих ёсоор бүрдүүлж холбогдох байгуулагад шилжүүлэх-тэмцээний явцад гарсан санал хүсэлтийг энэхүү дүрмийн дагуу шударгаар шийдвэрлэх
-Сахилга алдсан, үлгэргүй байдал гаргасан баг, харваачийг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах ба асуудлыг шүүгчийн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн эцсийн шийдвэр гаргах.
б. Нарийн бичгийн даргын үүрэг:
-Тэмцээнд хэрэглэгдэх бүх бичиг хэргийн материалыг бүрдүүлэх, шүүгч нарт шаардлагатай бүх материалыг тарааж өгөх.
-Тоглолт бүрийн дүнг шүүгч нараас шалгаж авах,
-Тэмцээний эцсийн дүнг нэгтгэж гаргах,
в. Шүүгч нарын үүрэг:
-Тоглолтын явцыг байнга хянаж, тоглолтын явцад санал зөрөх, гомдол гарвал газар дээр нь шийдвэрлэх,
-Тоглолт бүрийг хуваарьт цагт явуулах, хожил, тэмдэглэх, цагтаа тоглохоос зайлсхийсэн багийг урьдчилан сануулсны дараа энэхүү дүрмийн Дөрөвдүгээр зүйлийн “л”,“м”, “н” заалтын дагуу холбогдох арга хэмжээ авах асуудлыг Ерөнхий шүүгчид тавьж шийдвэрлүүлнэ.
Долоо. Бусад
МШХХ-ны тухайн жилд зохион байгуулагдахаар жагсаалтад батлагдсан тэмцээнүүдээс зарим нь тойром гэж нэрлэгдэж байгаа\ хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа тэмцээн харвааг эхний өдөр тойром болгон харваж дараах өдөр нь тэмцээнийг бөхчилж тоглуулах санаачлагыг дэмжинэ. Тойром харваанд оролцоогүй багийг дараа өдрийн тэмцээнд оролцуулахгүй байвал зохино. Тухайн жилийн Тойром тэмцээнийг хэн нэгэн алдартай харваач, багийн нэрэмжит болгон зохион байгуулахыг дэмжинэ. Энэхүү дүрэмд тусгагдаагүй аливаа асуудлыг тэмцээнд оролцогч багуудын ахлагч нарын олонхын саналыг үндэслэн техникийн зөвлөлгөөнөөр урьдчилан шийдвэрлэнэ.