Танилцуулга
Монголын Шагайн харвааны холбоо
Зорилго: Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт-тоглоом болох шагайн харвааг өөрийн оронд төдийгүй хилийн чанадад ажиллаж амьдардаг монголчуудын үр хүүхдүүдэд сурталчлан хөгжүүлж ахмад үеэс суралцах, тэдний хүндэтгэн уламжилж ирсэн ёс жаягийг залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, тэдэнд сэтгэл зүй бие бялдрын хүмүүжил олгох юм.
МШХХ-ны танилцуулга
Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/ нь 1987 онд анх байгуулагдсан бөгөөд 1998 онд Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ашгийн бус ТББ юм. МШХХ нь батлагдсан дүрмийн дагуу тамга тэмдэг, өөрийн онцлогийг харуулсан билэгдэл бүхий туг хэвлэмэл хуудас, хэрэглэж байгаагийн гадна Холбооны Их, Бага хурал болон Тэргүүлэгчдийн хурлаар холбооны дүрэм, УАШТ-ий дүрэм, цол зэргийн ангилалд хамруулах асуудал, тэргүүний зарим харваачдыг дээд байгууллагад шагнаж урамшуулахаар уламжлах, мөн дотоод зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн баталдаг юм. Одоогоор Холбооны ерөнхийлөгч-1, тэргүүн дэд ерөнхийлөгч-1, дэд ерөнхийлөгч-4, Ерөнхий нарийн бичгийн дарга-1, тэргүүлэгч-37, нарийн бичгийн дарга-1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2018 оны 5 дугаар сард болсон холбооны V-р Их хурлаар холбогдох дүрэм журам, заавар, бүтэц зохион байгуулалт зэргийг шинэчлэн батлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн 21 аймгийн Шагайн харвааны салбар холбоо, БНСУ, Франц, АНУ, Швед, Бельги, Япон зэрэг орнууд, 150 гаруй сумдад салбар зөвлөлтэй байна. МШХХ нь нийт 18,000 гаруй харваачидтай.
МШХХ-ноос “Холбооны цом”, “Сар шинийн харваа”, “Ахмад, Өсвөр, Насанд хүрэгчдийн УАШТ”, “Үндэсний их баяр наадам”, “Монгол бахархал” – ын өдөрт зориулсан харваа, “Ахмадын Цом”, “Даншиг наадам” болон 21 аймгийг бүсчлэн жил бүр албан ёсны 10 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулдаг бөгөөд хөдөө орон нутгийн салбар холбоодоос 40 гаруй томоохон тойром харвааг зохион байгуулдаг. 1998 оноос хойш Улсын их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулж, улсын баяр наадмын нэгэн төрөл болон орсон юм.
Жил бүр АНУ дахь салбар холбоотойгоо хамтран тус улсад ажиллаж амьдардаг монголчуудын дунд шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, монгол улсаас төлөөлөл болгон баг харваачдаа бэлтгэн АНУ-ыг зорьдог.