Мэдээ

Монголын их тойром-2019

Монголын их тойром-2019
Тэмцээн

Монголын их тойром-2019

    Дэлхийн биет бус соёлын өв үндэсний спортыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, Монголын үндэсний спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг залгамж халаа залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой Монголын шагайн харвааны холбооноос хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Монголын их тойром-2019” харваачдын баяр 2019 оны 08 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнийг 2015 оноос санаачлан зохион байгуулах болсон бөгөөд гурав дахь удаагийн их тойром харваанд 13 аймаг, 9 дүүргийн 88 багийн 800 гаруй харваач оролцсон байдаг. Үүнээс улсын цолтой 151, аймгийн цолтой 156 харваач цэц мэргэнээ сорьжээ. Догшин хутагтын өлгий нутаг Дорнын говьд болсон тэмцээний эхний байрууд болон шагналт байруудад:

1.      Тэргүүн байр: Монгол улсын гарамгай мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Даншиг транс ” ХХК-ий баг /Aльфард маркийн автомашин, 7.000.000 төгрөгийн өртөг бүхий Ногоон хаш цом, алтан медаль, өргөмжлөл, монгол майхан/

2.      Дэд байр: Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, АПУ ХК-ий баг /мөнгөн медаль, өргөмжлөл, 5.000.000 төгрөг, монгол майхан/

3.      Гутгаар байр: МШХХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн “Хийморь” баг /хүрэл медаль, өргөмжлөл, 3.000.000 төгрөг, монгол майхан/

4.      Ц.Гангантөгс ахлагчтай Улаанбаатар хотын “Улаанбаатар чуулга”-ын баг /өргөмжлөл, 2.000.000 төгрөг, монгол майхан/

Тэмцээний тусгай байруудад:

o   МШХХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр Ерөө гол” ХХК-ий баг /өргөмжлөл, 1.000.000 төгрөг, монгол майхан/,

o   Монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг /өргөмжлөл, 1.000.000 төгрөг, монгол майхан/,

o   Э.Алтанцог ахлагчтай “Эрдэнэс таван толгой ” ХК-ий баг /өргөмжлөл, 1.000.000 төгрөг, монгол майхан/,

o   Монгол улсын мэргэн Т.Баярбат ахлагчтай Өвөрхангай аймгийн багууд /өргөмжлөл, 1.000.000 төгрөг, монгол майхан/ тус тус шалгарчээ.

“Монголын Их Тойром-2019” тэмцээний ахмадын харвааны ангилалд 16 багийн 100 гаруй харваачид онч мэргэнээ сорин наадалцсанаас дараах багууд эхний байруудад шалгарчээ. Үүнд:

  1. Н.Цогбадрах ахлагчтай Дорноговь аймгийн Сайхандулаан сумын баг /алтан медаль, өргөмжлөл, 1 сая төгрөг/
  2. Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Д.Пүрэв ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг /мөнгөн медаль, өргөмжлөл, 800.000 төгрөг/
  3. Монгол улсын харьшгүй мэргэн н.Цэрэндорж ахлагчтай Хэнтий аймгийн баг /хүрэл медаль, өргөмжлөл, 700.000 төгрөг/

Үндэсний өв, уламжлалыг хадгалсан уламжлалт хэлбэр тойром харвааны “Тойрмын шилдэг майхантай баг”-аар Монгол улсын хошой мэргэн Г.Гантулга ахлагчтай Баянзүрх дүүргийн баг, “Тойрмын шилдэг мод хэрэглэлтэй баг”-аар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Монгол улсын мэргэн Т.Баярбат ахлагчтай баг, “Тойрмын шилдэг уухайч”-аар Өмнөговь аймгийн Ханбогд харьяат, Монгол улсын хошой мэргэн Б.Наранцогт нар шалгарсан байна.

“Монголын их тойром-2019” харваачдын баяр уриатай гурав дахь удаагийн Их тойром харваа нь олон олон шинэ санаачилга бүхий дараах онцлогтойгоор зохион байгуулагдсан байна. Харваачдын дунд дууны тэмцээн, нээлтийн ёслолд “Алтан зурхай залах ёсон”-г анх удаа сэргээн хийсэн, нутгийн зөвлөл, аймаг, сумд, орон нутгийн удирдах байгууллага, харьяа агентлаг, газруудыг олноор хамруулж, төрийн бодлогоор орон нутгийн хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулсан зэргийг нэрлэн дурдаж болно. “Монголын их тойром-2019” харваачдын баярын үндэсний шагайн харвааны тухай дууны тэмцээнд 20 гаруй хүн оролцсоноос:

o   Тэргүүн байр: Баянхонгор аймгийн Шинэжист сумын харваач, аймгийн гоц мэргэн Дэмбэрэл

o   Дэд байр: Дорноговь аймгийн залуу харваач, аймгийн Цагдаагийн газрын дуучин Мөнх-Отгоннамар

o   Гутгаар байр: Булган аймгийн Орхон сумын уугуул Монгол улсын мэргэн А.Баясгалан

o   Тусгай байр: Улаанбаатар хотын Налайх дүүргийн харваач Монгол улсын харьшгүй мэргэн Х.Ганжур нар шалгарчээ.

Мөн аймаг, сум, орон нутгийн удирдлагууд онцгой ач холбогдол өгч Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар гурав дахь удаагийн тэмцээн ийнхүү Сайншандад зохион байгуулагдсан нь энэ байлаа. “Монголын их тойром-2019” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн шагайн харвааны салбар холбоо, Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Дорноговь их хөгжил сан ажилласан бол хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлагууд болон бүх сумдын Засаг даргын тамгын газар оролцсон юм. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Дорноговь аймгийн нутгийн зөвлөл 53 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 14 сумын шагайн харвааны салбар зөвлөлд иж бүрэн Монгол майхан дурсгасан зэрэг нь харваачдын үнэлэмжийг дээшлүүлсэн, дараа дараагийн зохион байгуулагдах харваа наадмуудын жишиг болохуйц өргөн цар хүрээг хамарсан далайцтай харваа наадам болсон юм.

Дараагийн “Монголын их тойром-2021” харваа шилжин явах тугийг албан ёсоор гардсан Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл