Мэдээ

Түүхэн замнал

Түүхэн замнал
Сайтын хуудас

Монголд тэшүүрийн спорт хөгжсөн нь

    Ардын хувьсгал ялснаар орчин үеийн спортын төрөл тэшүүрийн спорт манай улсад үүсч хөгжих нөхцөл бий болж эхэлжээ. 1927-28 оны үеэс эхлэн Алтанбулаг хотын Бааст голын мөсөн дээр ер бусын хурдан гулгаж тоглох явдал ганц нэг хүүхэд дээр үзэгдэж нутгийн хүмүүс цугларан тэдний тоглолтыг сонирхон үздэг байсан гэдэг. Энэ нь Дээд Хиагтаар ганц хоёр цасны тэшүүр явуулын хүнээр дамжин орж ирэн, ЗХУ-тай хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгийн залуучууд гулгаж сурснаар эхэлсэн түүхтэй. 1929 оноос төв суурин газруудаар сургуулийн хүүхдүүд мод төмрөөр тэшүүр хийж гулган наадах нь элбэгшиж, ялангуяа нийслэлийн залуучууд Туул болон Дунд гол дээр тэшүүрээр гулган наадах болжээ. 

    Ингээд залуучуудын дунд үүсэн хөгжиж байгаа тэшүүрийн спорт нь хүний бие бялдарт ач холбогдолтойг намын Төв Хороо өндрөөр үнэлж 1937 оны 7-р сард Тэргүүлэгчдийнхээ хурлаар Биеийн Тамир Спортыг Сайжруулан Дэлгэрүүлэх Төв Зөвлөлийн ажлын тухай авч хэлэлцэхдээ шинээр үүсэн хөгжиж байгаа тэшүүрийн спортыг хөгжүүлэх талаар чухал заалт гаргажээ. Тэр тогтоолын 4-р зүйлд <<Улаанбаатар хотноо өвөл цагийн мөсөн дээр Коньки хэмээх төмөр тэшүүрээр явах нуурыг Төв театрын биеийн тамирын зөвлөлөөс эрхлэн театрын хашаанд долоо хоногийн дотор байгуулан анхны өдөр уралдаантайгаар нээсүгэй>> гэжээ. Энэ заалтыг үндэслэн Биеийн Тамир Спортыг Сайжруулан Дэлгэрүүлэх Төв Зөвлөлөөс эрхлэн 1937 оны 10-р сард Театрын биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн гишүүдтэй хамтран Улаанбаатар хотноо Төв театрын дэргэд анх удаа мөсөн гулгуурын талбайг нээсэн түүхтэй. Нээлтийн өдөр харьяат оршин суугчдаас тэшүүрээр гулгаж үзүүлэх тоглолт хийжээ. 

    1950 оны 12-р сард Улаанбаатар хотод төв мөсөн гулгуурын талбайг /Соёл нийгэмлэгийн талбайд/ Туяа нэртэйгээр байгуулан 1951 оны 2-р сарын 18-нд Улс хувьсгалын 30 жилийн ойг угтаж Улсын аварга шалгаруулах анхны уралдааныг зохион байгуулан явуулжээ. Энэ тэмцээнд эмэгтэйчүүдээс Соёл нийгэмлэгийн тамирчин Дамбын Нямцоо 500м-ийн зайд 1:54.01 секундийн, эрэгтэйчүүдээс Хилчин нийгэмлэгийн тамирчин Доржийн Агваандугар 1500м-ийн зайд 3:28.60 секундийн, мөн Хилчин нийгэмлэгийн тамирчин З.Балдан 3000м-ийн зайд 7:25.80 секундийн амжилтаар анхны улсын аваргууд болжээ. 

1955 онд ЗХУ-аас шигшээ багийн гишүүн, спортын мастер А.Н.Пискаревыг урин ирүүлж Улаанбаатар хотод 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тэшүүрчдийн дугуйлан байгуулан ажиллуулсан ба 30-аад шүүгчдийг бэлтгэх сургалт семинарыг явуулсан нь анхны боловсролтой шүүгч, тамирчдыг бэлтгэн өгсөн байна. Мэргэжилтний удирдлагаар тэшүүрийн секц, дугуйлан байгуулагдан онолын ба дадлагын сургуулийг явуулжээ. Чухам энэ үеэс эхлэн тэшүүрийн уралдаан нь олон улсын дүрмийн дагуу зохион байгуулалт үзэл сурталтайгаар явагддаг болсноор тамирчдын амжилт, сонирхогчдын тоо эрс өсжээ. 

1955 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүд нь сонгомол 4 зайд уралдаж аварга, үнэмлэхүй аварга цол олгож, алт, мөнгө, хүрэл медалиар шагнадаг болжээ. Тэр үеийн тэшүүрчдийн дотроос Д.Агваандугар, Д.Алтангэрэл, н.Бадамгарав, Ж.Буджав, Д.Намсрай, Ж.Гүржав, Б.Гэндэндармаа, П.Галсан, Д.Дашдаваа, Ж.Цолмон /Рита/, Ч.Цогзолмаа, С.Сүрэн, Б.Гүндэгмаа, Д.Тунгалаг, Ц.Лхамжав, М.Наранцэцэг, Л.Дулмаа нарын шилдэг тамирчид төрөн гарчээ. 

1956 онд тэшүүрийн спортын улсын нэгдсэн ангиллын нормыг Улсын Биеийн Тамирын Хорооноос батлан гаргасан явдал нь манай залуу тэшүүрчдийн урам зоригийг хөгжөөн тэднийг уг спортоор хичээллэн өөрсдийн техник амжилтаа ахиулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. 1956 онд тэшүүрийн анхны Улсын шигшээ багийг байгуулж, бүрэлдэхүүнд нь эрэгтэйчүүд: дасгалжуулагч Д.Алтангэрэл, тамирчин Д.Намсрай, Ж.Буджав, Ж.Гүржав, П.Галсан, н.Бадамгарав, Базар, эмэгтэйчүүд: дасгалжуулагч С.Дарьсүрэн, тамирчин Ц.Лхамжав, Д.Тунгалаг, н.Цэнд-Аюуш, С.Сүрэн, Б.Гүндэгмаа, Ч.Цогзолмаа нар оржээ. 

1957-58 оноос эхлэн тэргүүний тамирчид бүтэн жилийн бэлтгэлд шилжин орсон бөгөөд манай тэшүүрийн спортын олон улсын харилцаа хөгжиж гадаадын тамирчдыг хүлээн авч нөхөрсөг уулзалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байна. 1957 онд БНАСАУ-ын тэшүүрчидтэй Анхны <<Нөхөрсөг уулзалт>> тэмцээнийг Улаанбаатар хотно хийснээр олон улсын уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгаа нээжээ. 1959 онд манай улсын тэшүүрийн спорт сонирхогчдын үндэсний холбоо болон Монголын Тэшүүрийн Холбоо байгуулагдаж Анхны Ерөнхийлөгчөөр нь яруу найрагч, зохиолч Д.Даржаа сонгогдож байжээ. 

Монголын Тэшүүрийн Холбоо нь :

  • 1951 оноос Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг,
  • 1961 оноос Монголын Бүх Ард Түмний Спартикадыг,
  • 1968 оноос Өсвөрийн тэшүүрчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг,
  • 1971 оноос Ах дүү социалист орнуудын уламжлалт Олон улсын <<Интернациональ>> тэмцээнийг,
  • 1975 оноос Улаанбаатар хотын спартикадыг,
  • 1976 оноос Монголын Пионер Сурагчдын Спартикадыг,
  • 2007 оноос Монголын Хүүхдийн Спортын Их Наадмыг уламжлал болгон

жил бүр буюу 3-4 жилийн тогтмол хугацаанд амжилттай зохион байгуулж ирснээс гадна, Хөдөөгийн залуучуудын спартикад, Монголын оюутан сурагчдын спартикад, Залуучуудын болон Ахмадуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, МТХ-ны цомын тэмцээн, Дугуйт тэшүүрийн тэмцээн зэрэг төрөл бүрийн уралдаан тэмцээнийг байнга зохион байгуулан өөрийн оронд тэшүүрийн спортыг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж иржээ. 

Манай улс 1960 онд Дэлхий тэшүүрийн холбоо болон Олон Улсын Тэшүүрийн Холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр элссэн нь Олимп, Дэлхийн тэмцээнд оролцох эрх нээгджээ. Улмаар 1991 онд тус холбоо нь Азийн Тэшүүрийн Холбооны бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш Тив, Дэлхийн хэмжээнд тэшүүрийн спортыг хөгжүүлэх үйлсэд Монголчуудын тодорхой хувь нэмрийг оруулан, байнгын идэвхтэй үйл ажиллагааг явуулж иржээ. 

1995 онд тус холбоо нь тив, дэлхийн хэмжээний томоохон тэмцээний нэг Ази тивийн аварга шалгаруулан анхдугаар тэмцээнийг эх орондоо хүлээн авч анх удаа бие даан амжилттай зохион байгуулсан ба 1999 онд Улаанбаатар хотноо Азийн Тэшүүрийн Холбооны Тэргүүлэгчдийн хурлыг маш амжилттай зохион байгуулсан байна. Энэхүү хурлаас шинэ зууны анхны тив, дэлхийн хэмжээний томоохон тэмцээн болон 2000 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох <<A>> зэрэглэлийн тэмцээн, 2000 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг Монгол улсад зохион байгуулах эрх олгосон нь тус холбооны үйл ажиллагааг Дэлхийд хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм. 


Р.Энхбат. 2004. Монголын тэшүүрийн спортын үүсэл хөгжлийн түүх номноос

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл