ЛХАГВА  УНДРАЛБАТ

ЛХАГВА УНДРАЛБАТ

Буудлага

Танилцуулга

Төрөл Тамирчин
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1965-04-26
Улс Монгол
State Province Дорноговь
Спорт Буудлага
Цол, зэрэг
Сошиал

Миний бие 1979 оноос буудлагын спортоор эхлэн хичээллэж өдгөөг хүртэл өөрийн амьдралаа холбож, энэ спортын төлөө өөрийгөө зориулж, амьдарч хөдөлмөрлөж байгаа нэгэн билээ.  За ингээд би өөрийнхөө хийж бүтээсэн, гаргасан амжилтуудаа давхардуулж, нуршихгүйгээр дурдъя.

Тамирчин байх үеийн амжилт

1979 оноос МУГД Ц.Өлзийбаяр багшийн удирдлагад анх буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. МБАТСпартакиадын болон Монгол улсын 65 удаагийн аварга, Монгол улсын дээд амжилтыг 22 удаа шинэчлэн тогтоож байсан. Дэлхийн мастеруудын наадмын алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай,  олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль 20 гаруйг авч байсан. Дэлхийн цомын хүрэл, тивийн хошой хүрэл медальтай.

1987 онд Бээжинд зохиогдсон ААШТ-д хошой хүрэл медаль хүртэж,  Монгол улсаас хамгийн анхны Олимпийн эрхийг эх орондоо авчирч байсан.

Дасгалжуулагчийн амжилт

1985 онд Үндэсний шигшээ багийн тамирчин байхаасаа эхлээд МУГД Ц.Өлзийбаяр багшийнхаа зөвлөснөөр дасгалжуулагчийн эрдэмд гараагаа эхэлж байлаа. Миний анхны тамирчдын дотор ОУХМ Д. Оюун, МУГТ Доржсүрэнгийн Мөнхбаяр зэрэг 40 гаруй тамирчидтай эхэлж байжээ.

1988 оны Сөүлийн Олимпийн наадмаас ирээд ОХУ-ын Биеийн тамирын Академид суралцан 1992 онд “Буудлагын багш, дасгалжуулагч” мэргэжлээр төгсөж ирсэн.

Буудлагын спорттой нөхөрлөж 42 жил, дасгалжуулах эрдэмд суралцаад 36 жилийн нүүрийг үзэж, өдгөө олон арван тамирчдыг бэлтгэн гаргаж, Монгол улсынхаа төрийн далбааг өргүүлж, төрийнхөө дуулалыг олон удаа дуулуулж явсныг дурсахад сайхан байна.

Олон улсын буудлагын спортын холбооны дасгалжуулагчийн “Д”, “С” дамжаа, олон улсын “В” зэрэглэлийн шүүгчийн дамжааг тус тус дүүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийн буудлагын спортын нүүр царай болгон харуулж явна.

Олимпийн наадам.

Олимпийн наадамд тамирчнаар 1988 онд, дасгалжуулагчаар 2004, 2008, 2012, 2016 онуудад тасралтгүй, Паралимпийн 2008, 2012 наадмуудад оролцсон.  “Токио-2020” Паралимпийн наадамд оролцох эрхийг гар бууны 1 тамирчин, Олимпийн наадамд оролцох эрхийг урт бууны тамирчин 1, гар бууны тамирчин 3-ыг эх орондоо авчирлаа. Монгол нэг тамирчин 7 дахь Олимпийн наадамдаа зодоглох хэмжээний амжилтыг гаргуулсандаа туйлын баяртай байна.

Бээжингийн Олимпийн наадамд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа спорт гар бууны дасгалд 590 оноогоор Олимпийн дээд амжилтыг Монгол хүн давтсан цорын ганц амжилт гаргасан ба мөнгөн медаль хүртэж, Монголын анхны эмэгтэй тамирчин Хөдөлмөрийн Баатар болсон.

Одоогоор ЗХ-ний Алдар спорт хорооны тамирчдаас спорт буудлагын гар бууны төрлөөр МУХБ, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ, ахлагч Э.Даваахүү нар “Токио-2020” Олимпийн наадамд оролцох эрх авсан.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн амжилтыг товчхон сийрүүлбэл:   2006 онд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа хүрэл,

2010 онд ОУХМ Ц.Хонгорзул залуучуудын алт,

2014 онд гар бууны эмэгтэйчүүд багийн (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг) мөнгө,

2014 онд гар бууны залуучуудын хөвгүүдийн баг (Ш.Буянзаяа, Г.Буянбаатар, О.Төгөлдөр) алтан медаль,

2018 онд залуучуудын охидын баг (А.Буяндэлгэр, П.Түмэнхүслэн, Х.Уртнасан) мөнгөн медаль хүртсэн зэрэг Монгол улсын тамирчид зөвхөн гар бууны төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль байранд шалгараад байгаа нь миний заах аргачлал, сурсан мэдлэг, боловсролтой холбоотой.

МУХБ, МУГТ О.Гүндэгмааг 26 жилийн турш дасгалжуулснаар дэлхийн цомын 10 удаагийн аварга, дэлхийн цомын финалын аварга, тивийн олон удаагийн аварга, дэлхийн цомоос авсан алт, мөнгө, хүрэл медаль 30 гаруй, тивийн наадмуудын медалиуд авахуулсан амжилт үзүүлээд байгаа нь Монголын бусад төрлийн  тамирчидтай харьцуулшгүй мундаг амжилт гэдгийг дурдмаар байна.

Зэвсэгт хүчний спортын амжилт

Зэвсэгт хүчний буудлагын тэмцээнд 1998-2004 он хүртэл буудагчаар Зэвсэгт хүчний 084,  311, 310-р ангийн нэрийн өмнөөс оролцож, олон удаа түрүүлж байсан.

Зэвсэгт хүчний буудлагын дасгалын арга барилыг өөрчилж, гар өргөлтөөр хурдан буудах, хурдан буудлагаар угсруулж 5 байнд буудах зэрэг дасгалуудыг шинээр боловсруулж, Зэвсэгт хүчинд нэвтрүүлсэн.

Монголын Зэвсэгт хүчин CISM буюу Дэлхийн цэргийн спортын зөвлөлд идэвхгүй гишүүн байснаа түүнийг сэргээж, 2012 онд анх удаа Монголоос буудлагын төрлөөр оролцоход эмэгтэй гар бууны багийг (О.Гүндэгмаа, Т.Баярцэцэг, Т.Баярмаа) спорт гар буунд багийн мөнгө, байлдааны хурдан буудлагад багийн алтан медалиар эхлүүлж байсан билээ.

2012-2018 онуудад зохиогдсон CISM-ийн дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медалийг багийн болон хувийн амжилтаар 8-ыг авсан байна.

2015 онд БНСУ-д зохиогдсон дэлхийн цэргийн 6-р наадамд урт бууны эмэгтэй баг 3 байдлаас буудах дасгалд “Дэлхийн дээд амжилт”-ыг (Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа) багийн болон хувийн дүнгээр Ч.Нарантуяа тогтоож, хувийн амжилтаар 2 хүрэл (О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа) медаль хүртэж байв.

2019 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн цэргийн 7-р наадамд байлдааны хурдан буудлагын гар бууны дасгалд алт медаль (О.Гүндэгмаа), мөнгөн медаль (Г.Хэрлэнцэцэг) хүртэж, “BEST SHOOTER PISTOL WOMEN” шагналаар МУХБ, МУГТ О.Гүндэгмаа шалгарсан.

2017 онд Казакстанд зохиогдсон Армийн мэргэн буучдын тэмцээнд Хурандаа С.Түвшинбаяртай хамт Монголын Зэвсэгт хүчний мэргэн буучдаа бэлтгэн 4-р байранд шалгарахад өөрийн мэдлэг чадвараа заан сургаж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн буудлагын холбоо

2001 онд ангийн буугаар буудаж байгаад сум дэлбэрч, замаг задарснаар баруун нүдэндээ том гэмтэл авч түлэгдэн олон хоног хараагүй байж үзсэн. Ийнхүү байх хугацаандаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм хэцүү байдаг юм байна” гэсэн ойлголтыг биеэрээ мэдэрч “Хэрвээ би хардаг болбол тэдний төрлөө заавал юм хийж бүтээнэ” гэж андгай өөртөө тавьсан хүн.  Ингээд ОХУ-ын Эрхүү хотод эмчилгээ хийлгэж, нүднийхээ болорыг солиулаад 2002 онд Монголын Парабуудлага спортын холбоог анх үүсгэн байгуулж, сургалт явуулж эхэлсэн. Буудлагын спортын сургалт явуулдаг надад үүнийг хийхэд бэлтгэлийн нөхцөл байсан учраас хялбар байсан юм.

Гэртээ суудаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, спортын хүсэл тэмүүлэлтэй болгохын тулд өөрөөсөө нэлээдгүй их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулжээ.

Өдгөө 2004, 2008, 2012, 2016 оны 4 удаагийн Паралимпийн наадамд тасралтгүй оролцсон. Дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 гаруй медаль хүртэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшихэд нь хувь нэмрээ оруулж яваа нэгэн билээ. 

Үндэсний шигшээ багт оруулах, тэдний гаргасан амжилт, авсан медалийг үнэлүүлэх гээд холбооны ажлыг хийсээр ирсэн, одоо ч Парабуудлагын дасгалжуулагчийн ажлыг давхар хашиж, сургалт явуулж байна.

Тамирчин З.Ганбаатар, Ш.Цогцэцэг нар 2012 онд ази тивийн шинэ дээд амжилт, Г.Ганзориг залуучуудын дэлхийн дээд амжилтыг 2019 онд шинээр тогтоов.

2019 онд Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон дэлхийн цомын тэмцээнээс багийн амжилтаар анхны мөнгөн медалийг (Г.Ганзориг, З.Ганбаатар, Г.Баярцэцэг) хүртэж, улам хөгжсөөр өргөжсөөр байгаа.

“Токио-2020” Паралимпийн наадамд оролцох эрхийн СМ З.Ганбаатар аваад байна.

Хийж бүтээсэн бүтээл

Олны хүртээл болгосон ном

1.    1996 онд “Буудагчдын бие бялдарын бэлтгэлжилт, хоолны эрүүл ахуй”

2.    1998 онд “Анчны гарын авлага”

3.    2009 онд “Аваргуудын сэтгэлзүй ба ур чадварын нууц”

4.    2010 онд “Буудагчийн судар”

2009 онд буудлагын тамирчдын тусгай хүчийг хөгжүүлэх зорилгоор “Курс шагайлга”-ыг аудио МР3 хэлбэрт оруулан студид бичүүлэн гаргасан. Одоо Монголын буудагчид бүгд буудлагын өмнө курс шагайлгыг олон янзын хугацаагаар хийдэг болсон нь амжилт гаргахад их нэмэр болж байгаа.

2008 оны Бээжингийн Олимпийн наадмын дараа Монголын ҮОХ, БНХАУ-ын Олимпийн хорооны шугамаар Олимпийн аварга Н.Түвшинбаярын багш Халиуны Болдбаатар,  Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн багш Лхагваагийн Ундралбатыг 1 жилийн хугацаагаар 2 улсын Олимпийн хорооны хоорондын гэрээгээр ажиллуулах санал тавьсны дагуу БНХАУ-ын Хөх хотод очиж ажилласан. Энэ ажиллах хугацаандаа олон арван тэмцээнд БНХАУ-ын олон хотуудаар явж байхдаа дотоодын өрсөлдөөн гэгчийг Монголд бий болгох хэрэгтэйг ойлгосон юм.  Тэр тусмаа гар бууны чиглэлээр дагнасан сургалт явуулж, БНХАУ-ын болон бусад орны тамирчдын өмнө “Монголын гар бууны сургалт зогсох ёстой” гэж зорьсон.

2010 онд Үндэсний Батлан Хамгаалах их сургуулийн Сонсогчийн Батальоны доод давхарын подвалыг тухайн үед Алдар спорт хорооны орлогч дарга байсан Хурандаа Д.Цог-Эрдэнэ олж, санал болгосны дагуу 34м урттай зайд 25м-ийн спорт гар буу, хийн гар буу буудах зориулалттай буудлагын тирийг санаачлан хийж, 2010 оны 3-р сарын 13 нд (Бар жилийн Бар сарын Бар өдөр) нээлтээ хийж байсан юм. Үүнийг тохижуулахад өөрийн зүгээс цувуулсаар бараг 130 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.  Алдар спорт хорооны буудлагын тамирчдыг бэлтгэх, хүүхэд залуучуудыг сургах зорилготой стандартад нийцсэн, камержсан, агааржуулагчтай, орчин үеийн болгох гэж их хичээж бүтээсэн “Аваргаас аварга” клубын тирэндээ одоо болтол бэлтгэл хийж, амжилтыг гаргасаар байгааг сонордуулахад бардам сайхан байна.

2016 оны Рио де Жанейрогийн Олимпийн наадамд эрчимтэй бэлтгэх зорилгоор ҮБХИС дотор Тэмүжин-Өрлөг сургуулийн доод давхарын 54м-ийн урттай подвалд 78 сая төгрөгний өртөгийн засвар орох зураг гарсан ч хөрөнгө олдоогүй тул өөрийн клубын хүүхдүүдийн хөдөлмөр, найзуудын хандив, өөрөөсөө 40-өөд сая төгрөгийн зардал гарган тохижуулаад “Тэмүжин-Өрлөг Аваргаас аварга” 50м-ийн тиртэй болсноор бэлтгэл хийх нөхцөл улам бэхэжсэн юм.  Олон улсын буудлагын спортын холбоонд ашигладаг SIUS ASCOR электрон аравчаар тоноглон үлгэр жишээ тир болгон тохижуулж, гар бууны тамирчдын бэлтгэлийг дагнан хийж байгаа болно.

Тэмүүжин-Өрлөг цэрэгжүүлсэн дунд сургуулийн сурагчдыг үнэ төлбөргүй хичээллүүж байгаа нь Монголын Зэвсэгт хүчний хойч ирээдүй боловсон хүчинг буудах эрдэмд сургаж байгаа.

Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын гавъяат тамирчин О.Гүндэгмааг 7 дахь Олимпийн наадамд оролцох эрхийг эх орондоо авлаа.  Энэ тирэнд бэлтгэлээ хийснээр шилдэг гайхалтай амжилт үзүүлж байгаа.

Алдар спорт хорооны буудлагын тамирчдыг CISM-ийн медалийн төлөө өрсөлдөх түвшингийн  амжилтанд хүргэсэн, зэвсэгт хүчний мэргэн буучдад сургалт явуулдаг, өөрийн хөрөнгөөр БХЯ-ны ҮБХИС-ийн 2 барилгын доор тир байгуулан хийсэн өөрийн эзэмшсэн мэргэжилдээ хайртай, түүнийхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаа, Монголын буудлагын спортын тамирчдын гар бууны сургалтын системийг бий болгож, тив, дэлхий, олимпийн наадамд тамирчдаа сайн бэлтгэх оролцуулж байна.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /ДОРНОГОВЬ АЙМАГ/ Default 2022-03-09 ДОРНОГОВЬ АЙМГИЙН БУУДЛАГА-Н БАГ Буудлага Буудлага / 10 метрийн хийн гар буу
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /ШИГШЭЭ ШАТ/ Default 2022-09-05 ДОРНОГОВЬ АЙМГИЙН БУУДЛАГА-Н БАГ Буудлага Буудлага / Эрэгтэй Буудлага / 10 метрийн хийн гар буу Буудлага / 10 метрийн хийн гар буу Буудлага / 25 метрийн гар буу хурдан буудлага Буудлага / 25 метрийн хурдан буудлага Буудлага / Холимог баг
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ Default 2023-05-24 Баянзүрх-Буудлага эмэгтэй Буудлага Буудлага / Хөвгүүд Буудлага / Охид
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМ /ШИГШЭЭ ШАТ/ Default 2023-06-15 Баянзүрх-Буудлага эмэгтэй Буудлага Буудлага / Хөвгүүд Буудлага / Охид
Хуваалцах: