Мэдээ

Наадмын тухай


 Биеийн тамирын хөдөлгөөн улсын хэмжээнд өргөн хөгжиж байгаатай холбогдуулан 1931 оны зургадугаар сарын 26-нд Монголын биеийн тамир сайжруулагчдын анхдугаар зөвлөгөөнд “Монголын ажилчин залуучуудад биеийн тамир сайжруулах явдлын чухал болох учир шалтгаан” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж, спортын төрлүүдийг олшруулах, спортын төрлүүдэд сургах бүлгэм дугуйлангуудыг хичээллүүлэх зорилт тавьсан. Мөн ондоо биеийн тамирын багш бэлтгэх онц курс анх байгуулан 20 хүнийг хамруулан төгсөлтийн тайлан дээр спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах стадион шаардлагатайг цохон тэмдэглэсэн байдаг. Энэ бүгд үе шаттайгаар улс орныг урагш хөгжүүлэхэд хүн амд бие бялдрын өвтэгш хүмүүжил олгох, улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх зорилготой нягт холбоотойгоор 1936 оны долдугаар сард Монголын биеийн тамир, спортын түүхэнд “Биеийн тамирчдын анхдугаар жагсаал” явагдаж байр эзлүүлэн спортын төрлүүдээр тэргүүн шалгаруулах тэмцээн явуулахад хотоос 400, цэргийн албан хаагчдаас 180, үйлдвэрийн ажилчдаас 120, дотоод яамны тусгай хорооноос 120, пионер сурагчдаас 200, бүгд 1020 тамирчин оролцсон нь урьд өмнө тохиогоогүй арга хэмжээ болжээ. Улмаар БНМАУ-ын анхдугаар спартакиадыг 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 7-ныг хүртэл “Тамирчдын улсын спартакиад” нэрээр явуулахаар журам боловсруулан зохион байгуулсан. Тамирчдын спартакиадыг явуулахад манай орны өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тэргүүний тамирчдыг шалгаруулан төлөөлөгчдөөр ирүүлдэг болсон нь шинэ систем хөгжиж, спортын тэмцээнд хамрагдагсад олширч, амжилт ахих чухал арга хэмжээ болсон. Тамирчдын анхдугаар спартакиад нь хөнгөн атлетик, хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөг, кросс, дугуй зэрэг төрлөөр явагдаж 3000 гаруй тамирчид оролцож, мөн 3000 тамирчдын уран хөдөлгөөнт гимнастик хийгдэж Биеийн тамир спортын хөгжлийн яруу алдрыг цуурайтуулсан байдаг. Ер нь 1946-1954 оны хооронд есөн удаагийн Тамирчдын улсын спартакиад явагдаж иржээ. Тухайн спартакиадын хөтөлбөрт хөнгөн атлетик, волейбол, хөлбөмбөг, уулын спорт, хүндийн өргөлт, мотоцикл, шатар, цана, тэшүүр зэрэг спортын төрлүүд ордог байсан аж.


1961 он бол Монголын биеийн тамир, спортын хөгжлийн түүхэн замналд чухал тэмдэглэлт он болсон гэж үздэг. Улс хувьсгалын 40 жилийн ой, МАХН-ын 14-р их хурлаас дэвшүүлсэн тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, улсын хэмжээгээр соёлын довтолгоон нэрийн дор хүн ардын соёл гэгээрэлд ихээхэн анхаарал тавьж байсны зэрэгцээ биеийн тамир, спортын дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж төр захиргааны системээр улс, олон нийтийн сайн дурын нийгэмлэг болгон шинэ зохион байгуулалтад оруулсны нэг илрэл нь Монголын бүх ард түмний спартакиадыг өргөн хүрээнд хамруулж, биеийн тамирын хөдөлгөөн өмнөх он жилүүдээсээ эрчимтэй хөгжиж амжилтад хүрсэн юм. Тамирчид, дэмжигчдийн хүрээг тэлж улмаар 1962 оны зургадугаар сарын 5-нд Олон улсын олимпийн хорооны гишүүн орноор элсэж тамирчдын өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр өнөөгийн амжилтад хүрсэн түүхтэй. Монголын Үндэсний Олимпийн Хороо анх удаа Олон улсын олимпийн хорооноос 1963 онд өвлийн IX, зуны XVIII олимпийн наадамд оролцох эрхийн урилгыг хүлээж авчээ. 1961-1965 оны хооронд олон арван тамирчид спортын цол зэрэг авсны дээр БНМАУ-ын үндэсний спортын ууган гавьяат мастер цолоор дархан аварга Б.Түвдэндорж, спортын гавьяат багш цолоор Б.Даш, Ч.Чимэддорж, П.Рэнцэндорж, Р.Зориг нар шагнуулж манай салбарынхны урам зоригийг сэргээсэн байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулсан Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад аймаг хотоос шалгарсан 2000 гаруй тамирчид шигшээ тэмцээнд оролцож, улсын хэмжээнд төрийн бодлогоор хүн бүрийн өглөөний гимнастик, ХБХБ тэмдгийн норм биелүүлэх хөдөлгөөнд уриалсан дэвшилттэй он жилүүдэд тэргүүний рекорд, аварга цолтой тамирчдын эгнээ өссөн он жилүүд болон бэхэжсэн. Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын явцад дүгнэлт өгч, МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “Хүн амын эрүүл мэнд, бүтээлч хүчийг дээшлүүлэхэд биеийн тамирын хүмүүжлийн ажлыг дээшлүүлье” гэсэн илтгэлтэй холбогдон гаргасан тогтоолын заалт Биеийн тамир, спортын салбар, үйлдвэр, албан газар, хүчний байгууллагуудад удирдамж болон хэрэгжиж байжээ.


Монголын бүх ард түмний спартакиадыг 1961, 1964, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1991, 1999 онд, Монголын бүх ард түмний их наадам нэрээр 2004, 2008 онд зохион байгуулаад байна. XXI зуун гарсаар төрийн бодлогод биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал шинээр тавигдаж, нийтийн спортыг хөгжүүлэх, их спортын амжилтын түвшинг ахиулах, олон улсын тавцанд Монголын спортын эзлэх байр суурийг бэхжүүлэх талаар онцгой анхаарч ирлээ. Манай салбар 2003 онд Биеийн тамир, спортын хуультай болсноор Засгийн газрын 2003 оны 167-р тогтоолоор Монголын бүх ард түмний их наадмыг 2004 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь тухайн онд Монголын баг тамирчид Олимпийн наадамд анх оролцсоны 40 жил, БТС-ын тухай хууль батлагдсаны эхний жил, Афин-2004 олимпийн наадмын жилтэй уялдуулсан хэрэг юм.


2012 онд МБАТ-ий XIII их наадамыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны нэгдүгээр сараас долдугаар сарыг хүртэл дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах боллоо. Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, 20.3-ыг үндэслэн чөлөөт бөх, жүдо бөх, шатар, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, тэквондо, кикбокс, самбо бөх, мотоцикл, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, ширээний теннис, цана, тэшүүр, дугуй, хүндийн өргөлт, софт теннис, бүжгийн спорт, сагсан бөмбөг болон пара жүдо, суугаа волейбол, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг зэрэг спортын төрлөөр зохион байгуулж, спартакиадын хүрээнд нийтийн биеийн тамир, нийтлэг спортын төрлүүдээр орон даяар олон төрлийн арга хэмжээг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриатайгаар зохион байгуулсан.


2016 онд Монголын бүх ард түмний XIV наадмын зохион байгуулахаар болов. Наадмыг зохион байгуулахад Олон улсын спортын төрөл тус бүрийн дүрэмд нийцүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлж байгаа хөдөлгөөн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, амьдралын хөгжлийг хангахад сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, биеийн тамир спортод албадлагын журмаар хамруулдаг хуучин зуршлыг арилгах, хүний ухамсарт хандаж, сэтгэлгээнд дотоод итгэл үнэмшлийг олгох суурь сургалтын аргыг өргөн ашиглахаар төлөвлөж байна. Монголын ард түмний агуу их соёл иргэншилд Биеийн тамир, спортын оруулах хувь нэмрийг алсын хараатай удирдан явуулахад бүх шатны зохион байгуулах хороо, мэргэжилтэн бүрийн оролцоог төвлөрсөн удирдлагаар хангаж хүн бүрийг хамруулах өргөн зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байна.


Монголын бүх ард түмний спартакиадын ач холбогдол нь Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн амыг эрүүл чийрэг байлгах, спортын уралдаан тэмцээнд өргөн хамруулах, идэвх сонирхлыг дэмжиж, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, олимп дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдын хүрээг тэлэхэд оршино.


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл