Мэдээ

Б.Нямсүрэн: Бүх ард түмний наадам гадаадад суугаа монголчуудын дунд ч мөн адил зохион байгуулагдана

Б.Нямсүрэн: Бүх ард түмний наадам гадаадад суугаа монголчуудын дунд ч мөн адил зохион байгуулагдана
Мэдээ

 Олон улсын стандартад нийцсэн, улсын хэмжээнд өргөн дэлгэр хөгжсөн спортын төрлүүдээр зохион байгуулах, дотоодын өрсөлдөөнийг тив дэлхийн тэмцээн наадамд өрсөлдөх тамирчдын   ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын бүх ард түмний зуны спортын 15 дугаар  наадам буюу шигшээ тэмцээн ирэх зургадугаар  сарын  13-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Үндэсний спортын наадмын шигшээ тэмцээн  наймдугаар  сарын 5-10-нд Хүй долоон худагт  зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор шалгарсан тамирчид болон бэлтгэл ажлын  талаар Биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр буудлагын  спортоор хичээллэж Азийн наадам буюу азийн АШТ-нд багаараа зургадугаар  байрт шалгарч  байв. Улмаар олимпийн гурван циклийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан байна.   

- Хоёулаа ярилцлагаа Бүх ард түмний зуны спортын наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар эхэлье?

-Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 183 дугаар тогтоолоор Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмыг баталсан. Энэхүү дөрвөн жилд нэг удаа зохиогддог наадам  Монголын ард түмний болон үндэсний спортын наадам хүүхдийн спортын наадам, оюутны спортын наадам гэсэн дөрвөн үе шаттайгаар  явагддаг. Энэ жилийн хувьд Монголын бүх ард түмний спортын наадам, Монголын үндэсний наадам, оюутны наадам гэсэн гурван наадамд тамирчид өрсөлдөнө. Одоогийн байдлаар зохион байгуулалт, бэлтгэл ажил амжилттай хийгдээд явж байгаа. Монголын оюутны тавдугаар  наадам 2020 онд зохион байгуулагдаад цар тахлын улмаас хоёр удаа хойшлогдсон. Харин энэ жил  Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг журмаараа явж байна.Энэ  наадмын шигшээ тэмцээн тавдугаар сарын 10-нд явагдаад дууссан. Оюутны спортын анхан шатны тэмцээнд 29 их дээд сургуулийн 4500  тамирчид  оролцсон. Үүнээс  шигшээ тэмцээнд 1607 тамирчин арван спортын төрлөөр өрсөлдөж дууслаа. Насны хувьд 19 наснаас дээш тамирчид оролцох юм. Өөрөөр хэлбэл аймаг орон нутагтаа анхан шатны тэмцээнд оролцоод тэндээсээ шалгарсан шилдэг тамирчид шигшээ тэмцээнд оролцоно гэсэн үг. 

 - Энэ удаагийн наадам урьд жилүүдээс юугаараа онцлогтой вэ?

-Тухайн тамирчин оршин суугаа хаягийн бүртгэл дээр биш өөрийн сонголтоор оролцох боломжтой.  21 аймаг, есөн дүүргийн 29100 тамирчин оролцоно. Спортын салбарын Цахим мэдээллийн сан дээр тоон буюу нэрэн мэдүүлэг дээр бүртгэгдэж  байгаагаараа онцлог. Дөрөвдүгээр сарын 28-нд  аймаг орон нутаг дээр анхан шатны тэмцээн зохион байгуулагдаж дууссан. Эндээс шалгарсан тамирчид Цахим системээр шигшээ тэмцээнд оролцох мандатаа авч байгаа. Шигшээ тэмцээнд одоогийн байдлаар 12800 тамирчдын нэрэн мэдүүлэг ирсэн. Харин одоо багийн буюу бүсийн төрлүүд дээр сагс хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд аймаг орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа. Волейболын баруун бүс Баян-өлгийд, хангайн бүс Өвөрхангайд, говийн бүс Өмнөговьд, зүүн бүс Говьсүмбэр аймагт, нийслэлийн бүс Улаанбаатар хотод зохион байгуулагдаад явж байна. Бас  нэг онцлог нь гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн дунд дээрх наадам нэгдсэн заавар хөтөлбөрийн хүрээнд гурван улсын гурван хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Азийн орнуудынх  Солонгос улсад, Америк тивийнх Вашингтон мужид, дээр нь Европын  нэг хотыг сонгоод тухайн улсынх нь ТББ, холбоодуудаар нь дамжуулаад наадам зохион байгуулах хороонд нь Монголын бүх ард түмний спортын наадам дээр сагс, хөл бөмбөг,волейбол, Монголын үндэсний  спортын наадам дээр шагай, сур харваа, бөх гэсэн гурван спортын төрлөөр явагдах талаар зохион байгуулалтын ажлаа  хийж байна.

-Одоогийн байдлаар гадаадад суугаа монголчуудын тэмцээнд оролцох оролцоо  идэвх ямар хэмжээнд байна вэ?

-Энэ тухайд оролцогчдын тоо хүлээлттэй байгаа. Ялангуяа Америк, Солонгос улсад монголчууд хамгийн их амьдардаг. Тийм учраас иргэдийн дунд спортын холбоодууд байгуулагдаад тодорхой хэмжээгээр зохион байгуулалтанд орсон байгаа. Тэнд ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүстэйгээ холбогдоод зохион байгуулах хороон дээр төлөөллийг нь оролцуулаад явж байна.Тэмцээний товын хувьд нэгдсэн заавар дээр тусгасан хугацаанд зохион байгуулагдана. Гэхдээ тэдний  ажил амьдралаа зохицуулах цаг завыг нь харж зохицуулах ажил хийгдэж   байна. Эсвэл баяр наадмын үйл ажиллагаатай давхцаж магадгүй. Энэ талаар Гадаад харилцааны яамтайгаа холбогдоод нэг цонхны үйлчилгээгээр ажил явагдаж байгаа. Тиймээс зургадуагаар сард уу, наймдугаар сард уу гэдэг нь тухайн орны онцлог, цаг хугацаанаас хамаарах асуудал. Бид  наадмын Зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, тухайн улс дахь ЭСЯ, Консулын газар, Монголчуудын төрийн бус байгууллагууд хамтран монгол иргэдийн оролцоог хамгийн ихээр хангах бололцоотой улс, хотыг сонгож баталсан заавар, удирдамжийн дагуу зохион байгуулах юм.

-Хөл бөмбөгийн тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн гээд анхан шатны тэмцээнүүд үргэлжлээд л явагдаад байна?

- Тийм ээ, Нийслэлийн бүс тавдугаар дугаар арын 21-нд болно.Энэ сарын 10-ны байдлаар  сагсан бөмбөгийн тэмцээн дуусгавар боллоо. Харин аймаг орон нутагт сагсан бөмбөгийн бүсийн тэмцээнүүд зохион байгуулагдаад эхэлчихсэн байгаа. Баруун бүс Завхан, хангайн бүс Баянхонгор, төвийн бүс Дундговь, зүүн бүс Дорноговь буюу нийслэл Улаанбаатарт тус тус зохион байгуулагдаж байгаа.Сагсан бөмбөг дээр 423  тамирчны  мандатын асуудал баталгаажаад уралдаан тэмцээндээ оролцоод явж байгаа.  

 -Тэгвэл Монголын үндэсний спортын наадамд спортын ямар төрлүүд багтах вэ?

- Монголын үндэсний спортын наадамд оролцогчдын нэрэн мэдүүлэг одоогоор нээлттэй байна. Үндсэн болон үзүүлэх төрлүүдээр явагдаж байгаа. Үндсэн төрөл нь зуны ес, өвлийн хоёр аймаг орон нутагт түгээмэл хөгжсөн үндэсний спортыг төрлүүдээр бүх аймаг орон нутаг анхан шатныхаа тэмцээнээс шалгаруулаад шигшигдэж гарч  ирэх бүрэн боломжтой аймгууд орно. Үзүүлэх төрөлд орон нутагт тухайн спорт хөгжих  боломжтой тухайн спортыг хөгжүүлээд явж байгаа спортын холбоодуудаас наадмын хөтөлбөрт үзүүлэх төрлөөр  орж ирээд дараагийн наадмуудад үндсэн төрөл болгож оруулж ирье гэсэн зарчим баримталж байгаа. Тодруулбал, монгол түмний уламжлалыг хадгалсан морин өртөөг спортын чиглэлээр хөгжүүлье аймаг орон нутагт болон улсын хэмжээнд үзүүлье гэж оруулж байна. Дээр нь казак түмний уламжлалт спортын төрөл болох морин барилдаан аймаг орон нутагт манай төрөл болж хөгжих боломжтой юм байна гэсэн хүсэлтийг өмнөх онд нь өгдөг. Наадамд оролцохоор хөтөлбөрт багтсан спортыг тухайн жилийнхээ есдүгээр сарын 30-ны дотор хүсэлтүүдээ өгдөг. Мөн манай газраас аймаг орон нутагт хөгжиж байгаа спортынхоо төрлүүдийн саналыг бас авдаг. Тиймээс нэг талаас спортуудын холбоодуудын санал, нөгөө талаас аймаг орон нутгаас наадмын нэгдсэн зааварт багтах спортынхоо төрлийг өгч эндээс шалгаруулалтаа хийдэг юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд пара жүдо, пара хөнгөн, суугаа волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн  паралимпийн таван төрөл, дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбаг, ширээний теннис гэсэн хоёр төрлөөр оролцоно. Эдгээр төрлүүд нь анх удаа бүх ард түмний спортын наадамд шинээр орж байгаа юм. Тиймээс  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбоо, ширээний теннисний холбоо бидэнтэй хамтарч ажиллана. Мөн аймаг орон нутагт байгаа бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдээр нь тамирчдаа нэрэн мэдүүлгээр Цахим системд бүртгүүлж байгаа.

-Шагнал урамшууллын хувьд ямар байх бол?

 -Шигшээ тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 2018 оны 173 дугаар тогтоол буюу Засгийн газрын мөнгөн шанал урамшууллыг олгоод явна. Мөн  амжилттай зохион байгуулсан спортын холбоодуудыг цом өргөмжлөлөөр шагнах юм.

 -Өмнөх жилүүдэд болж байсан дээрх наадамд хаанахын тамирчид хамгийн өндөр амжилт үзүүлж байв?

-Өмнөх жилүүдэд хүчний байгууллагын спортын төрлүүд тусдаа баг болж ирдэг байсан. Харин энэ жилийн нэгдсэн заавар дээр “Алдар” “Хүч”, “Аврагч” “Хилчин” зэрэг байгууллагууд тухайн дүүргийнхээ анхан шатны тэмцээнээс баг тамирчдаа оролцуулах  зохицуулалтай байгаа. Тиймээс урьд урьдын наадмуудын тэргүүн байрыг “Алдар” спорот хороо багаараа, дараа нь “Хүч” нийгэмлэг ордог байсан:. Аймаг орон нутгуудыг тусад нь байр эзлүүлдэг байсан бол энэ жил нэгдсэн удирдлаган дор тухайлбал, “Алдар” спорт хороо  БЗД-ийн анхан шатны тамирчдаас шалгарч баг бүрдэж оролцох юм. Өөрөөр хэлбэл тухайн орон нутаг дүүргээсээ шалгарна гэсэн үг. Анхан шатны тэмцээнүүд ямар ч маргаан будлиангүйгээр зөв зохион байгуулалтанд ороод явж байгаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл