22 дахь удаагийн 20 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Алдар спорт хорооны дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянга, МУБИС-ийн БТС-ийн СМОАЗ тэнхимийн эрхлэгч Б.Нармандах, 5 тамирчин амжилттай оролцлоо.
2026.05.28-31-нд Хонгконгд болсон тус тэмцээнд
Алдар спорт хороо, Тэмүүжин Өрлөг сургуулийн 12-р ангийн сурагч А.Цагаадай эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд 15:37.38 минутын амжилт үзүүлж, Монгол Улсын хөнгөн атлетикийн түүхэнд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн анхны тамирчин боллоо.
Мөн тэрээр Монголд олон жилийн турш хөгжихгүй байсан 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөж, 2008 онд ОХУ-ын Саха хотод Д.Тогтохбаярын тогтоож байсан U20 насны улсын дээд амжилт болох 10:44.95 минутыг 10:12.60 минут болгон шинэчиллээ.
2008 онд төрсөн, дөнгөж 18 нас хүрч буй залуу тамирчин маань тэмцээний үеэр л усан саадтай хэсгийг анх удаа бодитоор туулсан хэдий ч өндөр амжилт үзүүлж, цаашид энэ төрлийг хөгжүүлэх бүрэн боломж байгааг харууллаа.
Алдар спорт хороо, МУБИС-ийн БТБАЗ-ийн 2-р курсийн оюутан Б.Мөнгөнхуяг 400 метрийн гүйлтийн төрөлд 51.17 секундын амжилт үзүүлэн хувийн дээд амжилтаа шинэчилж, “Спортын дэд мастер”-ын болзол хангалаа.
Түүнчлэн Монгол Улсад 1989 оноос хойш тасраад байсан 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлд 37 жилийн дараа дахин оролцож, хөнгөн атлетикийн хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулах зоригтой алхмыг хийлээ.
Онцлон дурдахад А.Цагаадай өглөө 5000 метрийн финалд, үдээс хойш 3000 метрийн саадтай гүйлтэд, Б.Мөнгөнхуяг өглөө 400 метрийн гүйлтэд, үдээс хойш 400м халхалттай гүйлтэд дараалан оролцсон нь тэдний амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч хоёр тамирчин маань нэр төртэй өрсөлдөж чадлаа.
Спортын мастер С.Батзориг 200м зайд 22.58 сек гүйж хувийн дээд амжилтаа шинэчилсэн бол 400м зайд 49.91 сек-ийн амжилт үзүүллээ. Өнгөрсөн оны 9 сард өөрийн тогтоосон U20 насны улсын дээд амжилт болох 49.35 секундэд хараахан хүрээгүй ч хүйтэн өвлийн дараа дөнгөж 5 сард 49 сек-ийн амжилт үүүүлж байгаа нь цаашдын өндөр боломжийг илтгэж байна. Удахгүй болох Korea Open тэмцээнд нь амжилт хүсье.
Алдар спорт хороо, БЗД-ийн 30-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Энхжавхлан анх удаа олон улсын тэмцээнд оролцож, Азийн шилдэг спринтерүүдтэй өрсөлдөн үнэтэй туршлага хуримтлууллаа. Мөн ах нарынхаа хамтаар 4х400 м-ийн буухиа гүйлтэнд амжилттай оролцож, хувийн дээд амжилтаа шинэчилсэн юм.
Алдар спорт хороо, “Монгол Тэмүүлэл” ЕБС-ийн 11-р ангийн сурагч С.Батжавхлан 800 метрийн зайдаа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч 1500 метрийн зайд өөрийгөө бүрэн дайчлан хувийн дээд амжилтаа шинэчиллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.