Монголын хөнгөн атлетикийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон зуун тамирчныг сурган хүмүүжүүлж, амжилтын замд хөтөлсөн Мөнгөн овогтой Болд танд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд Монголын хөнгөн атлетикийн холбооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Та 1981 оноос хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, улс, хот, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон 100 гаруй алт, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын 100, 200 метрийн гүйлтийн залуучуудын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, улсын шигшээ багийн тамирчнаар ажиллаж явсан спортын замналаа дасгалжуулагч, багшийн хөдөлмөрөөр үргэлжлүүлсэн билээ.
Таны олон жилийн уйгагүй хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, шавь нартаа зориулсан сэтгэл зүтгэлийн үр дүнд Олон улсын хэмжээний мастер, спортын мастер болон улсын зэрэгтэй 300 гаруй тамирчин бэлтгэгдэн төрсөн нь Монголын хөнгөн атлетикийн түүхэнд үлдэх үнэтэй хувь нэмэр юм.
Мөн Монголын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар үндэсний шигшээ баг, пара болон марафон гүйлтийн тамирчдын хөгжил, бэлтгэл сургуулилтын нөхцөлийг сайжруулахад анхаарч, эх орныхоо спортыг дэмжин ажиллаж ирсэн таны үйлс бахархалтай.
ХБНГУ-д ажиллаж, амьдрахын зэрэгцээ 2010 онд Берлин хотноо “Цог Монгол” спорт клубыг үүсгэн байгуулагчдын нэг болж, хилийн чанад дахь монголчуудын эв нэгдэл, бие бялдрын хөгжил, спорт, соёл, үндэсний уламжлалыг сурталчлахад оруулсан таны хувь нэмэр мөн онцгой билээ.
Таны спортод зориулсан хөдөлмөр, шавь нарын тань амжилт, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үйлс ийнхүү төрийн дээд үнэлгээг хүртсэнд гүнээ баяртай байна.
Эрхэм хүндэт М.Болд таньд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлс, дасгалжуулалтын замналд тань өндөр амжилт, олон сайхан шавийн ялалт, баяр бахдалыг хүсэн ерөөе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.