Үр дүнгийн удирдлага нь допингийн хяналтын ажиллагааны үндсэн 5 үе шатын нэг юм. Үр дүнгийн үйл ажиллагаа нь лаборатори шинжилгээний хариуг гаргаж холбогдох талуудад илгээснээр эхэлдэг.
Тамирчны сорьцыг шинжилсэн лаборатори А дээжийн хариуг 3 хувь үйлдэж, захиалсан допингийн эсрэг байгууллага /жишээ нь үндэсний допингийн эсрэг байгууллага/, тухайн спортын олон улсын холбоо, Дэлхийн Допингийн эсрэг Агентлагт илгээдэг.
Хариуг хүлээн авсан допингийн эсрэг байгууллага, шинжилгээний хуудастай тулгаж үзнэ. Хэрэв хариун дээрх савны дугаар шинжилгээний хуудсан дээрх дугаартай тохирохгүй бол үүнийг лабораторийн алдаа гэж үзэн ажиллагааг зогсооно.
Харин тохирч байвал тухайн шинжилгээг өгсөн тамирчинд мэдэгдэх ёстой. Тамирчин шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд 14 хоногийн дотор баталгаажуулах Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ допингийн эсрэг байгууллагаар дамжуулан гаргах эрхтэй. Хэрэв тамирчин тогтоосон хугацаанд хүсэлт гаргаагүй бол А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн буюу допингийн эсрэг дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Харин тамирчин Б сорьц шинжлүүлэх хүсэлт гаргасан бол хүсэлтийн дагуу Б сорьцыг шинжилнэ.
Б сорьцын хариу А сорьцын хариутай зөрвөл лабораторийн алдаа гэж үзэн үр дүнгиин үйл ажиллагааг зогсооно.
Б сорьцын хариу А сорьцын хариутай тохирох буюу түүнийг баталсан тохиолдолд үр дүнгийн удирдлагын ажиллагааг цааш үргэлжлүүлж, хэроэг хянан хэлэлцэх, шийдвэр гаргах, давж заалдах гэх мэт дараагийн шатны ажиллагааг үргэлжлүүлэх дүрэмтэй.