Мэдээ

Тэд биеэ төдийгүй сэтгэлээ ч хамгаалж сурна


“Ах нь та нарт дэлхийн дэвжээнд хийж байсан мэхнүүдээсээ сонирхуулья” хэмээн жүдоч Х.Цагаанбаатар алдарт мэхнүүдээсээ хийж учраагаа унагах чимээнээр танхимд цугларсан хүүхдүүд түүнийг эмээнгүй харцаар харлаа. Бас зарим нь “Ээ ёо ёо” гэж амандаа дуу алдав. Харин нэрт жүдоч инээмсэглээд “Та нар энэ ахыгаа өвдөж байгаа гэж бодож байнауу? Тамирчин хүн зөв унаад сурчихвал өвддөггүй юм” хэмээн тайлбарлалаа.


Энэ бол “Ид шидийн орон-2”-ын жюүжицүгийн тусгай танхимд болсон яриа. НҮБ-ын санхүүжилтээр МУБИС, МЖЖХ хамтран хэрэгжүүлж байгаа “Бие хамгаалах чадвар”-т суралцах үндэсний хөтөлбөр албан ёсоор ингэж эхэлсэн юм. Спортын ихэнх уралдаан тэмцээн, секц дугуйлан хотын төвд төвлөрдөг бол энэ удаагийнх өөр. Улиастайд байх гэр хорооллын хүүхдүүд энэ төсөлд үнэ төлбөргүй хамрагдах болсноороо онцлог.

Эхний ээлжинд тэднээс 30 хүүхэд л хамрагдсан. Юм багаас эхэлдэг болохоор цаашдаа хичээллэгчдийн хүрээ аажмаар өсөх нь мэдээж. Өсөөсэй гэсэн хүсэл үзэгчдийн эгнээнд зогссон хүүхдүүдийн харцнаас андашгүй байлаа. 

Төслийн нээлтийн ажиллагааны үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Алекс “Ийм том төсөл хэрэгжих болсонд туйлын их баяртай байна. Бие хамгаалах урлагт суралцана гэдэг өөртөө итгэлтэй байна гэсэн үг. Би хоёр охинтой. Тэднийг дөрвөн наснаас нь спортоор хичээллүүлсэн. Ямар нэгэн эрсдэл дунд орвол хүн өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Миний охид ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалж чадна гэж бодохоор сэтгэл өег байдаг” хэмээн эцэг хүний амнаас л гарах үгийг хэллээ. Өнөөгийн нийгэмд хүчирхийлэл дунд амьдарч байгаа хүүхдүүд их байгаа учраас нийгмийн эмзэг бүлэгт бага ч гэсэн ойртож очихыг төслийг санаачлагч Монголын жюүжицүгийн холбооны гүйцэтгэх захирал О. Болд-Эрдэнэ, НҮБ-ийн хүүхдийн сангийн тэргүүн Алекс тэргүүтэй хүмүүс зорьжээ.

Бас Алекс гурван зүйлийг хүүхдүүдэд онцолсон нь “Хүнтэй аль болох зодолдохгүйг хичээх, ямар ч үед өөрийгөө хамгаалах чадвартай байх, аливаа зүйлийг эвээр шийдэх гарц хайх”-ыг зөвлөсөн юм.


Хүүхдүүд нэгэн шинэ ертөнцтэй танилцах болсондоо баяртай байгаа нь илт харагдлаа. Үргэлж өөртөө итгэлтэй байхыг бэлгэдэн Хангарьд шувуу бүхий чихмэл дурсгалын зүйл өгөхөд тэд баяр хөөр дүүрэн гардан авч дэвжээндээ ёсолсон юм.

Ийнхүү “Ид шидийн ордон-2” бяцхан жаалуудын мөрөөдөл дунд бас нэгэн цэцэрлэг тарилаа. Чулуу бүхэн нь түүх өгүүлдэг газар гэж байдаг шиг “Ид шидийн ордон”-ын тоосго бүхэн нь өөрийн түүхтэй. Бас өнцөг булан бүрт нь өөр өөрийн яг зохицсон ертөнц бий. Хүүхдүүдийн өөрийгөө хөгжүүлэх номын сан, цэцэрлэг, алжаал тайлах өрөө, мөрөөдөл биелүүлдэг толь, дүүдүү тоглоом гээд бүх л зүйл тэнд бий. Одоо харин дотроо жюүжицүгийн танхимтай, кимоно /ги/ өмссөн хөөрхөн жаалуудтай болсон. Тэд мэргэжлийн багшийн удирдлагад бие хамгаалах урлагт суралцана. Бие хамгаална гэж зөвхөн хөдөлгөөнөөр биш, сэтгэл зүйгээр өөрийгөө хамгаалахын нэр юм. Яг ийм зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчид тэдэнд өгнө. Өөрөөр хэлбэл, бие сэтгэл аль алиныг нь тордоно гэсэн үг.


Танхимд цугларсан хүүхдүүд амжилтын тухай гэгээн мөрөөдөлд автсан нь мэдээж. Мөрөөдөл тээсэн тэрхүү харц мөрөөдлөө биелүүлсэн хүний өөртөө итгэлтэй харц болон хувирах нь тодорхой.

“Ид шидийн ордон”-ы бүх зүйл нь ил тод байдаг шиг нээлттэй ертөнцөд тэд бэлтгэл хийнэ.

Б.Өгдэй

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.