Мэдээ

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ГИШҮҮНИЙ ЖУРАМ


МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ  ГИШҮҮНИЙ ЖУРАМ  / төсөл /


Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл


1.1 Монголын Буудлага  Спортын Холбооны / цаашид МБСХ—ны  гэх/ дүрмийн Арван тавдугаар зүйл.  МБСХ-ны гишүүн салбар холбоо клуб, Арван зургаадугаар зүйл. МБСХ-ны гишүүний эрх, үүрэг Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, хэсгүүдийг удирдлага болгон Холбооны нийт гишүүд  болон холбооны хооронд үүсэх  үйл ажиллагаа, тэдгээрийг зохион байгуулах ажлын хүрээнд үүсэх харилцааг тодорхой болгох зорилгоор уг журмыг хэрэглэнэ.


1.2 Энэхүү журам нь МБСХ-ны үндсэн дүрмийн хүрээнд мөрдөгдөх журам бөгөөд ёс зүйн журам, тэмцээн уралдаан зохион байгуулах журмуудтай харилцан зохицуулсан баримт бичиг байна.


1.3 МБСХ-ны дүрмийн Арван зургаадугаар зүйлийн 16.4 –ийг үндэслэн уг журмын Удирдах зөвлөлөөр баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болсонд тооцогдох бөгөөд батлагдсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно.


 


Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны үндсэн зорилго


2.1 Монголын буудлага спортын холбооны гишүүнээр элсүүлэх, бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах, нийт гишүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах,төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах аливаа асуудалд харилцааны ёс зүй, хэм хэмжээг тодорхойлох зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны үндсэн зохицуулгыг энэ журмын  хүрээнд шийдвэрлэнэ.


2.2 Өдөр тутмын үйл ажиллагааг Монголын буудлага спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж Гүйцэтгэх хорооны гишүүд ба нийт гишүүдийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулахдаа энэхүү журмыг баримтлана.


 


Гуравдугаарзүйл.Гишүүнд тавигдах шаардлага


3.1 Энэхүү журмыг  хүлээн зөвшөөрч, элсэхийг хүссэн Монгол Улсын иргэн нийгмийн гарал үүсэл, яс үндэс, нас хүйс,  боловсрол, шашин харгалзахгүйгээр МБСХ-ны гишүүнээр элсэж болно.  


3.2 Гишүүд МБСХ-ны дүрэм журмыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөн гарийн үсэг зурах мөн гишүүний татвараа бүрэн төлсөн байна.


 


 


3.3 МБСХ-ны гишүүн гэдэгт


3.3.1 Эхлэн суралцагчид: Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу багш, дасгалжуулагчдийн удирдлаганд спортын аль нэг төрлийг сонгон хичээллэж байгаа зэрэгтэй болон зэрэггүй тамирчид.


3.3.2 Өндөр зэрэгтэй тамирчид дасгалжуулагчид:  СДМ-дээш цолтой тамирчин, буудлагын холбооны дасгалжуулагчид.


3.3.3 Идэвтэй гишүүд: МБСХолбооны өдөр тутмын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр идэвхтэй оролцдог гишүүд. 


3.3.4 Идэвхгүй гишүүд: Буудах ур чадвараа сайжрууах зорилгоор буудлагын спортоор хичээллэдэг хүмүүсийг хамруулна.


3.4 Холбооны гишүүд  дараах зарчмуудыг баримтлана


 


3.4.1 Спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэж спортын бус хувийн харилцаан дээр тулгуурласан аливаа өрсөлдөөний  хэлбэрүүдээс зайлсхийх


3.4.2 Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон, хамт олондоо сэтгэл гарган хүнлэг, энэрэнгүй байх


3.4.3 Зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж ажиллах


3.4.4 Монгол Улсын хууль, ОУБСХ , МБСХ-ны  дүрэм журмыг  алхам тутамдаа дээдэлдэг, аливаад  ёс зүйтэй, зарчимч, үнэнч шударга ханддаг байх


 


3.4.5 Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд байнга санаа тавин , амжилтаа ахиулах, ахиж дэвших орчныг бүрдүүлж,  харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан соёлтой харилцааг эрхэмлэх


3.4.6 Ажилдаа эзний сэтгэлээр хандаж, холбооны нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаалах, бусдын нэр төр, алдар хүндийг гутаахгүй байх


3.4.7 Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог,  багийн нэг хэсэг байж, сайн буудагч төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж бусдад  үлгэр дууриал үзүүлэх


3.4.8 Мэргэжлийн өндөр ур чадвартай байж, хөгжүүлэх,сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачлагыг гаргадаг байх


 


Дөрөвдүгээр зүйл. Гишүүнээр элсэх


 4.1 Гишүүнээр элсэхдээ доорхи бичиг баримтыгбүрдүүлсэн байна.


4.1.1  Иргэний үнэмлэх, Гадаад паспортын хуулбар


4.1.2 Өргөдөл / бичгээр/


4.1.3 Гишүүний жилийн татвар төлсөн баримт


4.1.4 Анкет


4.1.5 Сэтгэцийн эрүүл мэндийн бичиг


4.1.6 Галт зэвсэг эзэмшдэг бол тухайн галт зэвсгийн гэрчилгээний    хуулбар


4.1.7 Цээж зураг  / 6 хувь /


4.2 Гишүүний үнэмлэхийг ажлын 10 хоногт олгож гишүүнчлэлийн  эрх нээгдэнэ.


 


Тавдугаар зүйл.Гишүүнчлэлийн эрхийг түтгэлзүүлэх,


гишүүнээс хасах


5.1 Үнэмлэхний хугацаа дуусгавар болсон, Гишүүний жилийн татвар       тэмцээний  дасгалын хураамж, бууны татвар, элэгдлийн хураамжаа төлөөгүй тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг түтгэлзүүлнэ.  Дээрхи төлбөр тооцоог барагдуулсан тохиолдолд гишүүний эрхийг сэргээнэ.


5.2 МБСХ дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн зайлшгүй гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй эрхээ хэтрүүлсэн гишүүдийн үйлдлийн талаар хууль дүрэм ёс зүйн зөвлөлд үндэслэл бүхий өргөдөл ирсэн бол тухайн асуудлыг шийдвэрлэтэл гишүүний эрхийг түдгэлзүүлж болно.


5.3 Гишүүн өөрийнхүслээр гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө бичгээр өгсөн тохиолдолд гишүүнчлэлээс хасна


 5.4 Энэ журмын наймдугаар зүйлд заасан гишүүдийн хориглох зүйлсийг  зөрчвөл тэр даруй гишүүний эрхийг түдгэлзүүлэн хууль эрх, ёс зүйн зөвлөл, гүйцэтгэх хороо шийдвэр гарган Ерөнхийлөгчид танилцуулан тушаал гаргуулсанаар гишүүнчлэлээс хасна.


 


Зургаадугаар зүйл. Гишүүний эрх


6.1 Гишүүд нь буудлагын спортын  төрлүүдээс сонгож хичээллэх  


6.2 Гаргасан амжилт нь цол зэргийн норм нормативыг биелүүлсэн бол зэрэг цолоор шагнагдах


6.3 Олон улсын болон дотоодын  сургалт,  семинарт хамрагдах


6.4 ОУБХолбооны дүрэм  MNS: стандартад нийцсэн байр тайлбай, тоног төхөөрөмжөөр хангагдах


6.5 Сонгуульт ажилд сонгогдох, сонгох


6.6 МБСХолбооны жилийн календарчилалаар батлагдсан дотоодын уралдаан тэмцээнд оролцох


6.7 МБСХолбооны шалгаруулалтанд тэнцсэн гишүүд олон улсын тэмцээн уралдаанд оролцох


6.8 Галт зэвсгийн хууль болон МБСХолбооны дүрэм журмын хүрээнд галт зэвсэг эзэмших


6.9 Санал гомдлоо бичгээр өргөдөл гаргаж, МБСХолбооны эрхийн хүрээнд  шийдвэрлүүлэх 


6.10 Гишүүн нь бэлтгэл сургуулалтанд хамрагдах, тэмцээний уралдаанд оролцох үедээ удирдлагаар хангагдах 


6.11 Уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тохиолдолд засгийн газрын тогтоолийн дагуу шагнагдах


6.12 МБСХолбооны дүрмийн дагуу ивээн тэтгэгч байгууллагтай хамтран ажиллах


6.13 Мэдээ мэдээллээр хангагдах эрхтэй ба ямар төрлийн мэдээллийг хүсэж байгаа тэр чиглэлийг хариуцсан зөвлөлийн даргад хандаж мэдээллээр хангагдана.


Долоодугаар зүйл. Гишүүний үүрэг


7.1 Гишүүн нь Монгол улсын галт зэвсгийн тухай хуулийг судалсан байх,  МБСХ-ны дүрэм,  Удирдах зөвлөлөөс баталсан журмуудыг чанд сахиж, ОУБСХ, АБСХ болон буудлага спортын бусад олон улс, тив, дэлхийн байгууллагуудын дүрмийг мөрдлөг болгон ажиллах,


Буудлагын аюулгүйн дүрмийг биелүүлэх


7.2 Гишүүний татвараа жил бүр зарлагдсан хугацаанаас хоцроохгүй төлөх


7.3 Гишүүн нь  дотоодын болон олон улсын тэмцээнд оролцохдоо дасгалын хураамжаа төлөх


7.4 Гишүүн нь МБСХолбооноос болон удирдлагаас өгсөн үүргийг цаг хугацаанд нь биелүүлэх


7.5 МБСХ-ныгишүүн дасгалжуулагч, тамирчины ивээн тэтгэгч байгууллага нь МБСХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцлийн дагуу МБСХ-ны зөвшөөрснөөр тухайн дасгалжуулагч, тамирчин нь ивээн тэтгэгч байгууллагын реклам, зар сурталчилгаанд оролцох, нэрийн тамирчин болох,


7.6 Гишүүн нь олгогдсон шагнал урамшуулал, ивээн тэгэсэн мөнгөн хөрөнгө, зар сурталчилгааны орлого зэргээс олсон орлогоосоо МБСХолбооны гэрээнд заагдсан  ноогдох хувийг цаг тухайд нь шилжүүлэх


7.7 Дэлхийн Допингийн эсрэг дүрэм, Монгол улсын Допингийн эсрэг дүрмийг мөрдөн ажиллах


7.8 Гишүүний үнэмлэхийг байнга биедээ авч явах, бусдад дамжуулахгүй байх, алдаж үрэгдүүлсэн бол МБСХ-нд яаралтай мэдэгдэх, зар мэдээгээр зарлуулан хүчингүйд тооцуулах


Наймдугаар зүйл. Гишүүдийн хориглох зүйлс.


8.1 Гишүүд нь Галт зэвсэг, сум ашиглан спорт- сургалтын үйл ажиллагаа эрхлэх “Тусгай зөвшөөрөл”-гүй,  МБСХолбооноос хүлээн зөвшөөрөгдөөгүй Төрийн бус байгууллага / цаашид ТББ /  МБСХолбооны гишүүн бус ТТБ байгууллага, МБСХ-ны баримтлалж байгаа бодлого шийдвэрүүдтэй зөрчилдөхөөр бодлого чиглэл бүхий ТББ байгууллагад  давхар гишүүнчлэлтэй байхыг хориглоно.


8.2 Дээр заасан ТББ байгууллагуудад харъяалагдаж ОУБСХ болон МБСХ-ны дүрмээр баталгаажсан, зохион байгуулдаг тэмцээн уралдаан, дасгалаар уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцохыг хориглоно.


8.3 Дээр дурдсан ТББ байгууллагуудтай хамтран ажиллаж МБСХ-ны хийсэн ажлууд, зохион байгуулсан тэмцээн уралдааныг үгүйсгэх тухайн ТББ байгууллага хийсэн мэтээр олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, мэдээлэл түгээхийг хориглоно.


8.4 МБСХ-ны өмч хөрөнгө, тоног төхөөрөмж, галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл / хийн буу /, сум, хувцас хэрэглэл, туслах материалыг түрээслэх , түр хэрэглэн эзэмшиж байх хугацаандаа санхүүгийн арга заль гарган хувийн болгох, бусад байгууллагын өмчлөлд бүртгэх, зувчуулан эзэнгүйдүүлэхийг оролдох, санаархах


8.5 Тусгайлсан итгэмжлэлгүйгээр МБСХ-г төрийн болон ТББ-д төлөөлөх, МБСХ-ныг эрчилгээний хуулбар, тамга тэмдэг, эрх бүхий гишүүдийн гарын үсгийг төлөөлөн зурах, байгууллагын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар  тусгай зөвшөөрлийн дугаарыг ашиглан аливаа ажил үйлчилгээ авах үйлчлүүлэх, олон улсад төлөөлөн гэрээ хэлэлцээ байгуулахыг хориглоно.


8.6 МБСХ-ны бичгэн зөвшөөрөлгүйгээр Гадаадын ямар нэг улс оронтой дасгалжуулалт тамирчины, аливаа нэг ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ хэлцлийг хийх, хамтран ажиллахыг хориглоно.


Есдүгээр зүйл. Галт зэвсэг эзэмших, хадгалах,тээвэрлэх


9.1 Гишүүд Буудлагын зориулалтын байр талбай, тир, галын шугаманд байгаа эсэхээс үл хамааран хаана ч ямар ч үед ” Буудлагын аюулгүйн дүрэм”-ийг заавал биелүүлнэ.


9.2 Гишүүн галт зэвсгийн гох эсвэл замгийг цоожилж өөрөөсөө өөр хүн хэрэглэх боломжгүй болгон, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ саванд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.


9.3 Гишүүд болон салбар байгууллагууд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ саванд хадгална


9.4 Галт зэвсгийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.


9.5 Хот суурин газарт эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь байлгаж, зориулалтын сав хайрцаганд хийн аюулгүй байдлыг ханган, галт зэвсгийн гэрчилгээний хамт авч явна.


9.6  МБСХ-ны өмчлөлийн галт зэвсэг/буу/ болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл / хийн буу/ хэрэглэдэг бол буу болон түүний дагалдах хэрэгсэл, тоноглол, жижиг хэрэгсэлүүдийг жагсаасан бууны карттай байх бөгөөд тооллогод жилд нэг удаа хамруулахдаа бууны картын дагуу бүрдэл хэсгүүдийг тоолуулна.


9.7 МБСХ-ны өмчлөлийн галт зэвсэг /буу/ болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл / хийн буу/ хэрэглэдэг бол тухайн бууны албан татвар төлөх, төлж барагдуулахтай холбоотой зардлыг хариуцах үүрэгтэй.


9.8 МБСХ-ны өмчлөлийн галт зэвсэг /буу/ болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл / хийн буу/  хэрэглэж байгаа гишүүн нь тухайн бууны элэгдэл хорогдлын зардлыг төлөх үүрэгтэй. Элэгдэлийн хураамжийг  бууны анхны  өртөгөөс хамааруулан ялгаатайгаар хувьчлан тогтооно.


9.10 Элэгдэлийн хураамжийн хувийг техник сургалт,  дасгалжуулагчдын зөвлөлийн саналыг үндэслэн ажлын алба баталж гаргах ба уг хураамжийг "Элэгдлийн хуримтлалын сан" нэртэйгээр тусгай дансанд байрлуулан үүссэн мөнгөн хөрөнгийг зөвхөн нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, галт зэвсэг худалдан авахад зарцуулна.


9.11 Өндөр зэрэгтэй тамирчид, даcгалжуулагчид “ Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших , ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалт”-д хамрагдалгүйгээр МБСХ-ны тодорхойлолт, МБСХ-н улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарын хамт авч гэрчилгээний үнийг төлөн галт зэвсэг эзэмших эрхтэй болж болно . Эхлэн суралцагсад болон идэвхгүй гишүүд уг заалтанд хамаарахгүй.


Аравдугаар зүйл. Олон улсын тэмцээн,олон улсын байгууллагуудтай харилцах


10.1 МБСХ-ны зөвшөөрөлгүйгээр МБСХ-г төлөөлөн гадаадын аль нэг байгууллага, компани, ОУБСХ, АБСХ болон буудлага спортын бусад олон улс, тив, дэлхийн байгууллагуудад хандах, гэрээ, хэлцэл хийхгүй байх,


10.2 Гадаад дотоодын тэмцээнд оролцоход шаардлагатай мэдүүлэг болон бусад бичиг баримтыг хугацаанд нь багийн ахлагч хариуцан, үнэн зөв бүрдүүлж, тогтоосон хугацаанд нь  өгөх үүрэгтэй.


10.3 Гишүүн нь олон улсын уралдаан тэмцээн, хурал цуглаанд оролцсон тохиолдолд,  хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэл өгөхдөө  Монголын буудлага спортын холбооний нэрийг заавал дурьдах үүрэгтэй.


10.4 Олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох багийн бүрэлдэхүүнд орсон тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс нь зохион явагдаж буй тэмцээний бэлтгэл, нээлт, хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол, хэвлэлийн бага хурал болон бусад арга хэмжээнд МБСХ, МҮОХ-ноос тавьж өгсөн хувцастай оролцох, зөвхөн МБСХ-той байгуулсан ивээн тэтгэгч байгууллагын гэрээний нөхцөлд заасан тохиолдолд тухайн байгууллагын лого хэрэглэх,


10.5 Гишүүн холбоо, клуб, хувь гишүүн нь гадаад руу буудлага спортын тэмцээн, бэлтгэл      дасгалжуулалт, цугларалт, сургалт семинарт явахаар байршлаа өөрчлөх тохиолдолд 72 цагийн өмнө МБСХ нд мэдэгдсэн байна.

Дотоодод зохион явуулах болон  арга хэмжээнд оролцсон тухайгаа МБСХ-нд тайлагнах


 


Арваннэгдүгээр зүйл. Бусад зүйл


11.1 Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.


11.2 Энэхүү журамд  нэмэлт өөрчлөлт оруулахдаа Гүйцэтгэх хороогоор зөвлөлдөж өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчид танилцуулан батлуулах  бөгөөд батлагдсан өдрөөс эхлэн дагаж хүчин төгөлдөр мөрдөгдөнө.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.