Манай улсад 1921 онд ялсан ардын хувьсгалын дараах жилүүдэд ЗХУ-аас ирж ажиллаж байсан мэргэжилтэн нөхдүүд хоорондоо бөмбөгөөр тоглон нааддаг байсан нь залуу үеийнхний дунд тусгалаа олж, бөмбөг буюу бөөрөнхийлсөн бөс даавуу, ноосыг тодорхой дүрэм, журамгүйгээр газарт ойлгох, агаарт алгадан хөөргөх, харилцах, шидэлцэх зэрэг бөмбөгөөр тоглох анхны үзэгдлүүд бий болжээ. Манай оронд жинхэнэ волейбол үүсч хөгжих анхны эхлэл нь тэр үед ЗХУ-д суралцаж байсан Монголын оюутнууд уг тоглоомыг сонирхон сурч тоглож байсантай шууд холбоотой юм.
ЗХУ-ын Эрхүү хотын “Рабочий факультет” буюу “Рабфак”-т суралцаж байсан Монгол оюутнууд 1927 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нэр дээр бичсэн захидалдаа: “Монголын оюутан сэхээтэн бид зөвлөлтийн залуучуудын дунд хөгжиж байгаа волейбол хэмээх тоглоомын дүрэм, журмыг ихэд сонирхон судалж байна” гээд энэ тоглоомыг монгол түмнийхээ дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх санаагаа дурдаж “Волейболын хоёр бөмбөгийг нэг торны /сетка/” хамт бэлэг болгон илгээжээ.
Энэ үйл явдлаас улбаалан 1928-1929 оны үед зарим сургуулийн хашаа болон цэргийн анги, нэгтгэлийн биеийн тамирын талбайд волейболын анхны талбай бий болжээ.Энэ л үеийг волейбол манай оронд шинэ тутам нэвтэрч байсан үе гэж үздэг.
1930 оноос МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд залуучуудын 1, 2, 3 дугаар шигшээ гэж нэрлэгдэх багууд байгуулагдаж хоорондоо тэмцээн зохиодог байв.
1931 оны 7 дугаар сард Биеийн тамирыг сайжруулах зөвлөлийн дэргэд эмэгтэйчүүдийн анхны баг байгуулагдсан байна.1931 онд улсын хэмжээнд волейболын тэргүүн баг шалгаруулах анхны албан ёсны тэмцээнийг зохиож залуучуудын 1-р шигшээ баг түрүүлж, “Улсын тэргүүний баг” гэж олонд алдаршжээ.
Улаанбаатар хотод 1935 онд зохиогдсон улсын хэмжээний 2 дахь удаагийн тоглолтод 6 багийн 36 тамирчин оролцож, мөн л залуучуудын 1-р шигшээ баг түрүүлсэн байна.
Биеийн тамирыг сайжруулах зөвлөлөөс 1936 оны 5 дугаар сарын 2-нд Улсын хэмжээний гурав дахь удаагийн тэмцээнийг зохиож 8 багийн 48 волейболчин оролцов. Тэмцээнд залуучуудын 1 дүгээр баг дахин түрүүлэв.1931 оноос 1939 он хүртэлх хугацаанд Залуучуудын 1, 2, 3 дугаар шигшээ багууд тэмцээн болох бүрт эхний гурван байрыг ээлжлэн эзэлсээр иржээ. Анхны энэ тэмцээнүүд улсын чанартай гэж нэрлэгдэж байсан боловч хөдөө орон нутгийн тамирчдыг хамарч чадаагүй зөвхөн хотын хэмжээний багуудын хоорондын тоглолтууд байсан юм. Харин 1940 оноос эхэлж хөдөө аймгуудын волейболын багууд тэмцээнд оролцох болжээ.
Ардын Биеийн Тамирыг Сайжруулах Төв Зөвлөлөөс хөдөө, орон нутгийн волейболын шилдэг багуудын тэмцээнийг зохион явуулж, түүнээс шалгарсан багуудыг улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцуулах болсон байна. Хот, хөдөөгийн волейболчдыг оролцуулсан анхны томоохон тэмцээн 1940 оны 9 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохиогдож нийт 20 багийн 120 волейболчин оролцжээ.
Волейболын улсын хэмжээний аварга багийг шалгаруулах хот, хөдөөгийн тамирчид оролцсон анхдугаар энэ тэмцээнээр I байранд Туслан Хамгаалах Ангийн нэгдүгээр баг, II байранд Цэргийн Яамны I баг, 3 дугаар байранд нэгдүгээр дунд сургуулийн сурагчдын баг, IV байранд Багшийн сургуулийн баг, V байранд Лениний нэрэмжит клубын баг тус тус шалгарсан байна.
Ийнхүү эхний таван байранд аймгийн волейболын багуудаас нэг нь ч багтаагүйгээс үзэхэд Нийслэл хотын залуучуудын волейболын баг тоглолтын ур чадвараараа бусад багуудаас илүүтэй байсан нь харагдаж байв.
Энэ тэмцээнд III байр эзэлсэн нэгдүгээр дунд сургуулийн багт Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан нэрт волейболчин Б.Балдоо гуай 16 настай 8 дугаар ангийн сурагч байхдаа тоглож байжээ.
Улсын хэмээн нэрлэгдэж 1946-1954 он хүртэл явагдсан 9 удаагийн спартакиадын тэмцээн нь ихэвчлэн Ардын хувьсгалын ойн баяр наадмын үеэр зохиогддог байжээ.
Ийнхүү манай оронд 1920-иод оны сүүлчээр хөгжиж эхэлсэн волейболын спортыг хот, хөдөөгүй сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд ЗХУ-д 1930-1940-өөд оны үед суралцаж төгссөн оюутан, залуучууд, тэдний зохион байгуулсан багууд дорвитой хувь нэмэр оруулав. Тэдгээрийн дотроос Эрхүүгийн “Рабфак”-ийн оюутан сурагч Ш.Сэнгээ, Д.Майдар, М.Занаа, Н.Лувсанчүлтэм, Улаан-Үдийн “Рабфак”-ийн оюутан сурагч Цэрэндулам, Шарав, Хиагтын “Улаан багш нар”-ын оюутан сурагч Б.Сурмаажав, Жамсран нарын багууд ихэд нэрд гарч байв. Дотооддоо байсан хүмүүсийн зохион байгуулсан багуудаас “Багш нарыг бэлтгэх сургууль”-ийн Сэрээтэр, Булжав, Цэргийнхний Жанцанхорлоо, арван жилийн 1 дүгээр дунд сургуулийн М.Гончигжамбаа, Ц.Дугарсүрэн, Н.Гоош, Өлзийдүүрэн мөн үе үе цугларч бүрддэг нийслэл хотын багш нарын багууд 1940-өөд оны эхэн үеийн нийтийн тоглолт, тэмцээнүүдэд голлох үүрэгтэй оролцож байлаа. Энэ үеэс сайн сайн тоглогчдын тоо нэмэгдэж, үүнийг дагалдсан багууд ч олшров.Эдгээр нэр дурьдсан залуучууд дотроос Ш.Сэнгээ, Б.Сурмаажав нар зөвхөн сайн тоглогчид төдийгүй хамт олны спорт болсон волейболын шилдэг багуудыг зохион байгуулагчид байсныг онцлон дурдах ёстой.
1940-өөд оны эхээр багш нарыг бэлтгэх сургуулийн шинээр ашиглалтанд орсон хичээлийн байранд анхны спортын заал баригдаж, хүйтний улиралд заалан дотор волейбол тоглох бололцоо бий болсны дээр энэ нь шороон задгай талбайгаас заалын талбайд шилжихийн эхлэлийг тавьсан онцлог үйл явдал болсон билээ.
1930-1950-иад оны эхэн үе хүртэлх хугацаанд тоглолтын арга барил, ур чадвар, амжилт, бусдаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц гадаад шинж төрхөөрөө алдар нэр нь орон даяар түгж байсан тухайн үеийн волейболын хошуучлагч тоглогчид буюу лидерүүдийн тоонд “Рабфак”-ийн хар Даваа, шар Сэнгээ, шоогоо Цэрэндулам, халзан Банзрагч, Р.Жигжиддорж, пандага Шарав, герман Бавуу, Амар сайдын гарын үсэгтэй бага хурлын баярын бичигт Цэрэндаш, цэргийн ногоон Балжинням, нэгдүгээр дунд сургуулийн М.Гончигжамбаа, Н.Гоош, Ц.Дугарсүрэн, Өлзийдүүрэн, “Соёл” нийгэмлэгийн Должин, “Цэрэг” нийгэмлэгийн Ядамсүрэн, С.Жандаг, Л.Намдаг, Ш.Намдагсүрэн, “Хөдөлмөр” нийгэмлэгийн шар Лхагваа, Сэлэнгийн гамин Норов, Төв аймгийн “Морин завод”-ын өндөр Самбуу, их сургуулийн хар Даваасамбуу, Банзар, Бүдханд, Зэвгээ, Ховдын Б.Сурмаажав, гал Ёндон, Архангайн хар Доржпалам, Хэнтийн хүүхэн Даш, Завханы улаан Бямбажав, Цагдан сэргийлэхийн генерал А.Думбурай, шар Моюу, Хөдөө аж ахуйн яамны Загдаа, янзага Пүрэв, Гадаад яамны шаахай М.Дүгэрсүрэн, Б.Дашцэрэн, Намын Төв Хорооны Б.Балдоо, А.Дэсээжалбуу, багш Н.Лувсандорж, офицер Б.Очир, солгой Ш.Буд, соёо Банзрагч, оюутан Д.Гүрдорж, Д.Намсрайжав, алдарт тамирчин Д.Агваандугар, нисэхийн хэмээн тодотголтой улсын заан тавхай Лувсан, Комбинатын гургар хар хэмээх Б.Авирмэд, хятад шиянзны Серёжа, вальс хөгжмийн хаан “Бобка” хэмээх Түмэнжаргал, их үсэрдэгээрээ “нохой бөөс” гэж нэрлэгдсэн Бямбаа нар зүй ёсоор багтана. Эдгээр волейболчдын ихэнхи нь их, дээд сургууль, техникум, офицерийн сургуулийн багш, оюутан, сурагч, нам, улсын байгууллагын ажилтан, цэргийн албан хаагч, сэхээтнүүд ёстой л хөдөөгийн уул талаар соёлын үрийг таригч, залуучуудыг үлгэрлэн дагуулагч, цог хийморь нь бадарсан сэргэлэн, жавхаалаг залуучууд байжээ.
Энэ үеийн волейболчин залуучууд бол волейболын спортыг монгол оронд шинэ тутам дэлгэрүүлэн хөгжүүлэхэд өөрийн биеэр хувь нэмрээ оруулсан түүхэн гавьяатай хүмүүс юм.
1950-иад онд хамаарах хөгжлийн том онцлог нь Монголын волейболчид хилийн чанадад болсон олон улсын чанартай тэмцээнд анх удаа оролцсон явдал юм.
БНАГУ-ын Берлин хотод 1951 онд болсон Дэлхийн залуучууд, оюутны III фестивальд М.Дүгэрсүрэн ахлагчтай волейболын шигшээ баг анх удаа оролцжээ.
1952 онд Ардын хувьсгалын 31 жилийн ойн баярын тэмцээн буюу Улсын VII спартакиадад М.Дүгэрсүрэн ахлагчтай “Туяа” нийгэмлэгийн эрэгтэйчүүд /өмнөх жил нь ДЗОюутны III фестивальд оролцсон М.Дүгэрсүрэн, Б.Балдоо, Б.Сурмаажав, Б.Очир, Ш.Буд, Д.Агваандугар нарын үндсэн бүрэлдэхүүн дээр А.Дэсээжалбуу, Өлзийдүүрэн нар нэмэгдэн орсон/спортын гавъяат багш Ч.Ишдорж дасгалжуулагчтай, Д.Цэрэндолгор ахлагчтай МУИС-ийн эмэгтэйчүүдийн баг тус тус түрүүлэн, БТСХЭХорооноос тухайн оны 4-р сард албан ёсоор бий болгоод байсан “Улсын рекордч” гэдэг цолыг анх удаа хүртжээ.
1955 онд Волейболын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохиогдов.
1946-1954 оны хооронд 9 удаа зохиогдсон улсын спартакиад дахин явагдахгүй болсон тул түүнийг орлох улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ юм.
1953 онд Румын улсын Бухарест хотноо болсон ДЗО-ны IV их наадамд Б.Очир /ахлагч/, Ш.Буд, Д.Агваандугар, Б.Авирмэд, А.Дэсээжалбуу, С.Жандаг, Д.Намсрайжав.
1954 онд Унгар улсын Варшав хотноо болсон оюутны “Универсиад”-ын XII тоглолтод Б.Балдоо /ахлагч/, Ж.Гүржав, Ш.Буд, Д.Намсрайжав, Х.Доржжүгдэр, А.Дэсээжалбуу, Ш.Нямжав, Өлзийдүүрэн, Жанцан, Содномцэрэн, Б.Авирмэд нарын бүрэлдэхүүнтэй манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцжээ.
1956 оны 4 дүгээр сарын 28-нд Биеийн Тамир, Спортын Хэрэг Эрхлэх Хорооны дарга Э.Дарьсүрэнгийн тушаал гарч спортын ур чадвараар тухайн үедээ тэргүүний гэгдэж байсан залуусаар Монгол улсын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлж орон тооны 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар бэлтгэл сургуулилтыг системтэй хийж эхлэв. Албан ёсоор байгуулагдсан улсын шигшээ багийн анхны бүрэлдэхүүнд Б.Авирмэд, Ц.Шагдар, Г.Дугар, Х.Доржжүгдэр, Ч.Дэмчиг, Б.Цэрэндорж, Чүлтэмдорж, Д.Тэрбиш, Гомбосүрэн нар багтжээ.Тухайн оны намраас Ж.Хаянхярваа шигшээ багт шинээр нэмэгдэж оров.
Орон тооны Улсын шигшээ багийн анхны дасгалжуулагчаар Улаанбаатар төмөр замын инженерээр ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн волейболын шүүгч, дасгалжуулагч Леонид Иванович Тещенко, монголын талаас спорт тоглоомын мэргэжилтэн багш Н.Дашнамжил нар ажиллаж байв. Шигшээ баг 1956 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн одоогийн МҮЭ-ийн Төв зөвлөлийн ард байрлах “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийж байгаад 7 дугаар сарын эхээр Яармагийн дэнжид монгол гэрт байрлан цугларалтанд гарч, өдрийн 25 төгрөгийн хоолтой, өдөрт 6 цагийн бэлтгэл хийж байжээ.
1956 оны 7 дугаар сард Б.Авирмэд, Х.Доржжүгдэр, Г.Дугар, Ч.Дэмчиг, Ц.Шагдар, Ш.Буд, Б.Цэрэндорж, Д.Тэрбиш, Т.Моюу, Гомбосүрэн, Чүлтэмдорж, дасгалжуулагч Н.Дашнамжил нарын бүрэлдэхүүнтэй волейболын эрэгтэйчүүдийн улсын шигшээ баг БНХАУ-ын Бээжин, Тянь-жин, Мүгдэн, Чань-чунь, Ань-Шан зэрэг хойд чиглэлийн хотуудаар явж тоглосон бөгөөд төлөөлөгчдийг “Хоршоолол” нийгэмлэгийн дарга Б.Гүнжээ ахалж, эмчээр Эмнэлэг биеийн тамирын диспансерийн их эмч М.Долгорсүрэн ажиллажээ.
Монголын Волейболын холбоо 1957 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо хуралдсан Олон улсын волейболын холбооны VI их хурлаар бүрэн эрхт гишүүнээр элсчээ.
Монголын Волейболын холбоо Олон улсын болон Азийн Волейболын холбооны гишүүн болсоноос хойш Дэлхийн аварга шалгаруулах болон Ази тивийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хэд хэдэн удаа оролцсоноос гадна Азийн наадам, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож байна.
Монголын Волейболчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсоноос Г.Дашдэмбэрэл дасгалжуулагчтай, Х.Доржжүгдэр ахлагчтай эрэгтэй баг 1962 онд хуучнаар ЗХУ-ын Москва, Киев хотуудад зохиогдсон ДАШТ-д 17, Б.Сорогжоо дасгалжуулагчтай, Х.Доржүгдэр ахлагчтай эрэгтэй баг 1966 онд Чехословак улсын Ческе будевице хотод зохиогдсон ДАШТ-д 21 дүгээр байр, Х.Доржжүгдэр дасгалжуулагчтай, Г.Дэмбэрэлсамбуу ахлагчтай эрэгтэй баг 1970 онд Болгар улсын Софи хотод зохиогдсон ДАШТ-д 16 дугаар байр, ЮнЕнБон дасгалжуулагчтай П.Борхүү ахлагчтай эмэгтэй баг 1970 онд Болгар улсын Софи хотод зохиогдсон ДАШТ-д 16 дугаар байр эзэлж байсан түүхтэй.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2000, 2008 онд эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулсан бөгөөд 2015 онд эрэгтэйчүүдийн тэмцээнийг хүлээн авахаар болсон билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.