Мэдээ

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД
Ерөнхийлөгч

1. МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН /1922- 2002 ОН/

1922 онд Баянхонгор аймагт төрсөн.ОХУ-ын Москва дахь Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн. Монгол улсын Шүүх яамны орлогч сайд, Гадаад явдлын яамны орлогч сайд, сайд, НҮБ-ын дэргэд суух /Нью-Йорк, Женев хот/ Монгол улсын байнгын төлөөлөгч, Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан манай улсын нэрт дипломатчдын нэг юм.

М.Дүгэрсүрэн Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Волейболын спортын мастер цолтой.Монголын волейболын холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон 1957-1959 онуудад ажиллаж байв.1951 онд БНАГУ-ын Берлин хотноо явагдсан Дэлхийн Залуучууд оюутны III их наадмын волейболын тэмцээнд Монголын волейболын шигшээ баг анх удаа оролцоход багийн ахлагчаар тоглосон байна.М.Дүгэрсүрэн гуайн зохион байгуулж тоглосон баг улсын аварга болон спартакиадын тэмцээнд олон удаа түрүүлсэн.

М.Дүгэрсүрэн гуай Монголын волейбол сонирхогчдын дунд “Шаахай Дүгэрсүрэн” хэмээн алдаршсан, 1940, 1950-иад оны нэрт волейболчдын нэг байв.

2. БАДАМТАРЫН БАЛДОО /1925- 2003 ОН/

1925 онд төрсөн.МУИС, Москва дахь нийгмийн ухааны академи төгссөн.Түүх, философич мэргэжилтэй.Философийн ухааны доктор, ШУАкадемийн жинхэнэ гишүүн, Академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Волейболын спортын мастер цолтой.

Б.Балдоо МУИС-д философийн тэнхмийн эрхлэгч, “Үнэн”сонины хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирал, БНАСАУ, БНЭУ, Балба, Бангладеш, Шриланка, Унгар, Австри улсад суух БНМАУ-ын Элчин сайд, ШУАкадеми зэрэг нам, төр, олон нийтийн байгууллагын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн хүн байв.

Тэрээр Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 1960-1976 онуудад сонгогдон волейболын спортын хөгжлийн оргил үед ажиллаж байх хугацаандаа түүнийг цаашид улам боловсронгуй болгоход биечлэн жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

Б.Балдоо 1951 онд БНАГУ-ын Берлин хотноо болсон ДЗОюутны III их наадмын волейболын тэмцээнд М.Дүгэрсүрэн ахлагчтай Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон улмаар 1954 онд Унгар улсын Будапешт хотноо явагдсан Дэлхийн оюутан залуучуудын “Универсиадын” XII тоглолтод Монголын волейболын багийн ахлагч бөгөөд тамирчнаар оролцож байв.

1966 онд Чехословак улсад болсон эрэгтэй волейболчдын ДАШТ- д өөрийн улсын баг тамирчдыг тэргүүлэн оролцсон. Б.Балдоо гуай Монгол улсын баг тамирчид Японы Токио хотод 1964 онд болсон зуны XVIII Олимпийн наадамд анх удаа оролцоход Монголын баг тамирчдын тэргүүнээр, Мексикт 1968 онд, Мюнхенд 1972 онд болсон зуны олимпийн наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүний орлогчоор, 1964, 1966, 1968, 1972 онуудад болсон Олон улсын волейболын холбооны их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан спорт Олимпизмийн нэрт зүтгэлтэн хүн юм.

3. БАДАМЦЭДЭНГИЙН ЦЭНД- АЮУШ /1942- 1999 ОН/

1942 онд Ховд аймагт төрсөн.ОХУ-ын Москва дахь Эдийн засаг статистикийн дээд сургууль төгссөн.Эдийн засагч мэргэжилтэй.БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, Төлөвлөгөө, Эдийн Засгийн Улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын Үндэсний Статистикийн Төв Газрын дарга зэрэг төр, засгийн өндөр албыг олон жил хашиж байв.

Тэрээр 1976 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа шилдэг тамирчдын залгамж халаа болсон хүүхдийн волейболын 10 гаруй өдөр өнжүүлэх бүлгүүдийг манай орны ЕБСургуулиудад нээж хичээллүүлэх шийдвэрийг улсын төсөв төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байлаа.

Мөн тодорхой хугацаанд татан буугдсан волейболын улсын шигшээ багийг 1986 онд дахин орон тоогоор шинээр байгуулж хичээллүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ.Б.Цэнд-Аюуш волейболын спортод үнэнхүү дур сонирхолтой бөгөөд түүгээр мэргэжлийн өндөр түвшинд тоглодоггүй ч сонирхогчийн журмаар хичээллэж, волейболын уралдаан тэмцээнийг тогтмол үздэг байнгын хөгжөөн дэмжигч, зүтгэлтэн байв.

Б.Цэнд-Аюуш волейболоос гадна тэшүүр, ширээний теннисний спортоор /ЗХУ- ын дэд мастер/ цолтой түүгээр байнга хичээллэдэг сайн тамирчин байсан.

4. ДУМААГИЙН СОДНОМ

1933 онд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн.Санхүүгийн техникум, ЗХУ- ын Эрхүү хотын Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль төгссөн.Эдийн засагч мэргэжилтэй.

Монгол улсын “Гавъяат Эдийн Засагч” цолтой.Тэрээр Монгол улсын Сангийн яамны сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг төр, засгийн өндөр хариуцлагатай албыг олон жил хашсан Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, манай улсын толгойлох эдийн засагчдын нэг юм.

Д.Содном гуай төр, засгийн өндөр албыг олон жил хашсан нэр хүндтэй хүний хувьд 1990 оны 10 дугаар сараас 1996 оны 4 дүгээр сар хүртэл холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа холбооныхоо олон улсын болон Ази тивийн холбоонд эзлэх байр суурийг бэхжүүлэн улмаар тив, дэлхий, дотоодын байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авч волейболын спортыг хөгжүүлэх талаар дорвитой хувь нэмэр оруулсан билээ.

Д.Содном гуай волейболын спортоор 1950-иад оны дунд үеэс 1996 он хүртэл тогтмол хичээллэж ахмад волейболчдын УАШТ-нд удаа дараа оролцон медальт байранд шалгарч байв.

Тэрээр хамт олны спорт болсон волейболоор тогтмол хичээллэснээр олон сайхан анд нөхөдтэй болж, сэтгэл санаа өөдрөг, бие бялдрын хувьд эрүүл чийрэг байж төр, засгийн хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашихын нэг хүчин зүйл нь волейбол тоглох явдал байсан гэж байнга дурсан ярьдаг юм.

5. ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн.Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ цолтой.Сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спортоор хичээллэдэг.

Манай улсын толгой компаниудын нэг “Монсоник” группийг үүсгэн байгуулж Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна.1990-ээд оноос бизнесийн салбарт хүч хөдөлмөр, оюун билгээ дайчлан богино хугацаанд амжилт олж уг компанийг хөл дээр нь босгожээ.Тэрээр спортыг бизнесийн салбартай холбосноор аль аль нь амжилт олохын нэг хүчин зүйл гэж үздэг.

6. САМБУУГИЙН ЛАМБАА

1950 онд Архангай аймагт төрсөн.МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус бүр хоёр удаа сонгогдож ажилласан.

Өмнө нь Дээд, Тусгай, Дунд Боловсролын улсын хороо, АБЯаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн “Эрдэм цогцолборын” захирлын албыг хашиж байв.Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Монгол улсын гавъяат багш цолтой.

84-р сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 1990 онд тус сургуулийг түшиглэн байгуулагдсан волейболын гүнзгийрүүлсэн сургалттай бүлгийн хичээлийг үр дүнтэй явуулж, тамирчдын спортын амжилт тоглолтын уран чадварыг нь ахиулах бүхий л бололцоогоор хангаж байв.Холбооны Ерөнхийлөгчийн албыг 1997-2000 онуудад хашиж байхдаа волейболын мэргэжилтэн, волейбол сонирхогчдын идэвхи санаачлагыг өрнүүлэх, Зүүн Азийн бүсийн II дахь удаагийн тэмцээнийг эх орондоо хүлээн авч явуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

1998 онд Макао улсад болсон АВХолбооны зүүн бүсийн I тэмцээнд төлөөлөгчдийн ахлагчаар, Токио хотод болсон ОУВХолбооны их хуралд төлөөлөгчөөр тус тус оролцсон.

7. ХООХОРЫН БАДАМСҮРЭН

X.Бадамсүрэн 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн.1980 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн, уул уурхайн инженер маркшейдер мэргэжилтэй.

Х.Бадамсүрэн нь Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор цолтой. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга,

2000 оноос Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, Азийн волейболын холбооны зүүн бүсийн II тэмцээнийг Улаанбаатар хотноо орчин үеийн жишигт нийцүүлэн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүргийг биечлэн гүйцэтгэсэн.

МВХ-ны Ерөнхийлөгчийн хувьд лигийн багуудын бүрэлдэхүүнийг чадваржуулах, үндэсний лигийн тэмцээнийг тогтмолжуулах, багуудын өрсөлдөөн, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаадын өндөр ур чадвартай легионер тамирчдыг лигт урин оролцуулах, үндэсний шигшээ багийг Азийн бүсийн тоглолтуудад тогтмол оролцуулж туршлагажуулах, волейболын ахмад, залуу үеийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөлмөрийн амжилтыг үнэлүүлэх, МВХ-ны салбаруудыг орон нутагт ажиллуулах, бүсийн тэмцээн зохиох зэргээр гадаад, дотоодод монголын волейболын хөгжлийн цар хүрээг өсгөх, нэр хүндийг өргөхөд чиглэсэн олон хэлбэрийн арга хэмжээг удирдан зохион байгуулж, санаачлагатай ажиллаж байна.

Аймаг, орон нутагт волейболын спортыг хөгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх зорилгоор өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймагт волейболын клуб байгуулахаар шийдвэрлэж түүхт ойн жил-2007 оны Үндэсний Лигийн тэмцээнд “Өмнөговь М&G” багийг шинээр байгуулан оролцуулав.

Спортод зориулсан түүний хөдөлмөрийн үр дүнг үнэлж, Монголын Үндэсний Олимпийн хорооны “Алтан очир”, “Алтан од” одонгоор, 2002 онд ОУОХ-ны “Olympic Trophy” хүндэт цомоор тус тус шагнасан.

8. ЦЭНДСҮРЭНГИЙН БАЯРБААТАР 

Цэндсүрэнгийн Баярбаатар-2012 оны 11-р сарын 3-аас Волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж  байгаа.

9. ТӨМӨРХҮҮГИЙН БАЯРХҮҮ 

2019 оноос Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч

10. ЦОГТБААТАРЫН ЧИНГАРЬД

Цогтбаатарын Чингарьд 2021 оны 3-р сарын 13-аас Волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж  байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.