Мэдээ

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ 1195 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАМРАГДЖЭЭ

Төрийн жинхэнэ албан хаагчдыг гадаадын их, дээд сургуульд суралцуулан шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөл бодлогоор дэмжин гадаад хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгаа билээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.10-д заасан чиг үүргийн дагуу гадаад орнуудын Засгийн газрын болон олон улсын байгуулагын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2020 онуудад хамрагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын судалгааг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

 

Гадаадын 30 орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр, байгууллага хоорондын санамж бичиг, буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 1195 төрийн албан хаагч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсаны 240 (20%) нь эмэгтэй, 955 (80%) нь эрэгтэй албан хаагч байна. Эдгээр албан хаагчдын 455 (38%) сургалтаа дуусгаж боловсролын зэрэг эзэмшсэн, 740 (62%) албан хаагч үргэлжүүлэн суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан буюу суралцаж байгаа албан хаагчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Австрали улсын  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна.

 

Сургуулиа төгсөж ирсэн төрийн албан хаагчдын 92 хувь ажилдаа буцаж томилогдсон байна. Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллага тэтгэлэгт хамрагдсан албан хаагчдаа буцаан томилж, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар манлайлан ажиллаж байна. 

 

Засгийн газар хоорондын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд оруулж буй хүний нөөцийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод туссан эрэлттэй мэргэжлүүдээр түлхүү сургах, суралцаж төгссөн албан хаагчдыг төрийн албанд тогтвортой ажиллуулах, мэдлэг, ур чадварыг ашиглах, түгээн дэлгэрүүлэх мэдлэгийн сүлжээг бий болгож  ажиллахыг онцлов.


https://csc.gov.mn/s/44/935

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.