Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СОРИЛЫН НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

 Өнө эртний түүх, төрт ёсны уламжлал соёлтой Монгол төрийн их үйл хэргийг залгамжлан, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэд олон түмнийхээ амар амгалан, сайн сайхан амьдралын төлөө эрдэм боловсрол, мэдлэг ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулахаар тэмүүлэн бэлтгэлээ базааж буй Танд сайн сайхныг хүсэж Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын ээлжит хэвлэлтийг өргөн барьж байна.

 

          Уг номд төрийн албан хаагчийн наад захын зайлшгүй мэдэх ерөнхий мэдлэг, эзэмшвэл зохих ур чадварын агуулгыг багтаасан байна. Төрийн албанд томилогдох шалгалтад тэнцэхийн тулд бус сорилтой холбогдох бусад эх сурвалжийг судлан мэдлэгээ тэлэх боломж болгон ашиглахыг давхар зөвлөж байна.

 

          Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлтгэх талаар 2020 онд хэвлэгдсэн өмнөх номыг болон нэгэн ижил агуулга бүхий дахин хэвлэлт болох энэхүү номыг мөн адил ашиглах боломжтой.

 

          Төрийн албаны зөвлөлөөс оролцооны олон талт байдлыг хангах, үйл ажиллагааны шинэ арга, хэлбэрүүдийг хэвшил болгох, төрийн албаны шалгалтын бэлтгэлээс өгсүүлээд бүхий л үе шатанд мэдлэгийн болон мэдээлэл технологийн боломжуудыг өргөн хүрээнд ашиглаж, программ хангамж, хөгжүүлэлт, хөндлөнгийн хяналттайгаар өмнөх шалгалтыг амжилттай зохион байгуулж чадсан.

 

           Уг номыг зөв хариулт-түлхүүрийн хамт цахимаар байршуулсан бөгөөд сорил тестээс хэсэгчлэн “хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулж, зорилтот бүлэгт зөв мэдээллээр хангах зэрэг ажлыг үргэлжлүүлэн шуурхай зохион байгуулж байна.

 

           Хууль ёсыг чанд баримталж, улс үндэснийхээ язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрдөө чин үнэнч зүтгэх зам мөр тань дардан байхын ерөөл өргөж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн өмнөөс амжилт хүсье.

 

           Номыг зөвхөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхрын номын худалдаанаас очиж авна уу!


Эх сурвалж:Төрийн албаны зөвлөл

Link: https://www.csc.gov.mn/s/44/872

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.