Засгийн газрын 2022 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан ""Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм"-ийн 2 дугаар зүйл
ХОЁР. БЭЛТГЭЛ, СУРГАЛТЫН ТӨВИЙН ЧИГ ҮҮРЭГ,
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
2.1. Бэлтгэл, сургалтын төв нь биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх, тив, дэлхийд өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд спортын шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг цогц хэлбэрээр явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Бэлтгэл, сургалтын төв нь үндсэн чиг үүргийн хүрээнд дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1. үндэсний шигшээ багийн тамирчдын биеийн ерөнхий болон тусгай хөгжлийг сайжруулах, тамирчдын бэлтгэл, цугларалт, сургалт-дасгалжуулалтын орчин, бэлтгэлийн заал танхим, дотуур байрны нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.2.2. спортын шинжлэх ухааны шинэ нээлт, ололт, нотолгоонд тулгуурласан техник, арга зүйг тамирчдын ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сургалт-дасгалжуулалтад ашиглах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, спортын анагаах ухааны анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх;
2.2.3. тамирчдын шинжилгээ, судалгааг олон улсын стандартад нийцүүлэн хийж, бүс нутаг, дэлхийн жишгийн хэмжээнд хүргэн хөгжүүлэх, тамирчдын ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сорил, тест хийх шинэ техник, технологийн болон спортын хоол судлалын шинэ арга зүйг нэвтрүүлэх;
2.2.4. нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээ, үндэсний болон олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж иргэдэд чиглэсэн биеийн тамир, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлэх;
2.2.5. техникийн спортын төрлийн болон галт зэвсэг, техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, хяналт, хөдөлмөр хамгааллыг мөрдөн ажиллах талаар сургалт зохион байгуулах;
2.2.6. аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ баг, спортын холбоодод үндэсний шигшээ багийн нөөц тамирчин бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
2.2.7. бусад.
2.3. Бэлтгэл,сургалтын төв нь үндсэн чиг үүргийн хүрээнд хуулиар хориглоогүй аж ахуйн үйлажиллагааг төлбөртэй эрхэлж болно.
2.4. Бэлтгэл, сургалтын төв нь татан буулгах, өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас бусад тохиолдолд үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
2.5. Бэлтгэл, сургалтын төв нь хуульд заасан тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа эрхэлнэ.
2.6. Бэлтгэл,сургалтын төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас санал болгосноор төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.