Мэдээ

“СЭТГЭЛИЙН ТУСГАЛ” МАЛЧДАД ТУСЛАХ АЯН


Монгол орны ихэнх нутаг зудын хүнд нөхцөл байдалтай байна. Үргэлжлэн орсон цас, хүчтэй шуурганы улмаас үүсээд байгаа байгалийн гамшиг, хүндрэл бэрхшээл нь малчин иргэд, айл өрхийн амьжиргаанд хүндээр нөлөөлж буй. Байгаль дэлхийн аяг араншинг дагаж, басхүү даван туулж ирсэн малчдын амьдрал бол манай улсын соёл, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой салшгүй холбоотой билээ. Монголчууд “Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээдэг ард түмэн. Цаг улирлын хатуу, ширүүнтэй тэмцэж буй малчдадаа сэтгэлийн тусламж, хандив цуглуулах ажлыг эхлүүлэхийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо болон Биеийн тамир, спортын улсын хороо дэмжиж байна. Иймд спортын салбарын төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид, спортын хороо, холбоо, спортын клуб, тамирчид, дасгалжуулагчид, спортын шүүгч, хөгжөөн дэмжигч нартаа Монгол Улсын Засгийн газраас цас зудын нөхцөл байдлыг харгалзан улсын хэмжээнд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг зарлан малчдад туслах аянд нэгдэх уриалга” гаргасныг дэмжиж хамтдаа даван туулах үйлсэд нэгдэхийг уриалж байна. Биеийн тамир, спортын салбарын хамт олон Та бүхэн малчдад өгч буй сэтгэлийн тусламж, хандивыг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газарт хандан хүлээлгэн өгнө үү. Хандив хүлээн авах данс: Онцгой байдлын ерөнхий газар, Хаан банк - 5263315732 дугаартай дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр, /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ.

 

ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРОО

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.