Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны ерөнхий нарийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдлыг бий болгосон. Наадмын шигшээ тэмцээнүүд сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, уран хурц тоглолтууд гарч, оюун ухаан, бие бялдрын өндөр ур чадвар шаардсан, спортын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Наадамд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, модон барилдаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг /3х3/, диф даам, тусгай хөнгөн атлетик, тусгай хамтарсан хөлбөмбөг гэсэн спортын төрөлд өрсөлдөөн өрнөж байна.
Наадмын тугч
-Өнөөдөр тус наадмын нээлтийн ёслол болж, наадмыг тугийг Хан-Уул дүүргийн тамирчин, боксын өсвөр үеийнхний УАШТ-ий гурван удаагийн аварга, залуучуудын УАШТ-ий гурван алт, Олимпын гараа тэмцээний аварга, Хүүхдийн спортын VII наадмын аварга А.Амина
-Сүхбаатар дүүргийн тамирчин, чөлөөт бөхийн лигийн тэмцээний мөнгө, 17 хүртэлх насны УАШТ-ий аварга, 20 хүртэлх насны УАШТ-ий хүрэл медальт Б.Баттогтох
-Сэлэнгэ аймгийн тамирчин, сагсан бөмбөгийн Модун цом тэмцээний хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Улаанбаатар цом тэмцээний мөнгөн медальт Б.Төгөлдөр
-Орхон аймгийн тамирчин, Хүүхдийн өвлийн спортын наадмын мөнгө, тусгай бочигийн УАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт У.Отгонгэрэл нар залсан юм.
Тамирчны тангараг
-Баянзүрх дүүргийн тамирчин, шатрын сурагчдын ДАШТ-ий хошой хүрэл, өсвөрийн УАШТ-ий хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Н.Содгэрэлт
Дархан-Уул аймгийн тамирчин байт харвааны өсвөр, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт, Монголын хүүхдийн спортын VII наадмын хошой алт, нэг мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын хошой аварга, нэг хүрэл медальт У.Нямбаяр нар тангараг өргөлөө.
Наадмын бамбар асаасан тамирчин
Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг Сэлэнгэ аймгийн тамирчин, буудлага спортын өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны залуучуудын УАШТ-ий хүрэл медальт, 2025 оны залуучуудын УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, Залуучуудын УАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоогч, МХС-ын 7-р наадмын алт, мөнгөн медальт Я.Маргад
Хан-Уул дүүргийн тамирчин, Монголын усан сэлэлтийн спортын хамгийн залуу ОУХМ, 2024 оны залуучуудын Ази АШТ-ий мөнгөн медальт, Малайз улсад болсон олон улсын тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан, усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн долоон дээд амжилтыг эзэмшигч, МХС-ын 7-р наадмаас хамгийн олон буюу 13 алтан медаль хүртсэн Э.Эрхэс нар Монголын хүүхдийн спортын наадмын бамбарыг асаалаа.
Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан нь наадмын цар хүрээг илтгэнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.