ЭМГЭНЭЛ
Галсанжамцын Пүрэв-Очир
(1949-2025)
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Улсын начин, доктор, дэд профессор, биеийн тамир, спорт, олимпизмын нэрт зүтгэлтэн, Галсанжамцын Пүрэв-Очир 2025 оны 9-р сарын 16-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, биеийн тамир, спортын салбарт хүнд гарз тохиолоо.
Г.Пүрэв-Очир нь Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1949 онд малчин ард Гонгорын Галсанжамцын ганц хүү болон мэндэлж, эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжжээ. Тэрээр 1957-1961 онд сумын бага сургууль, 1961-1964 онд Чойбалсан хотын төвийн арван жилийн дунд сургууль, 1964-1968 онд Улаанбаатар хотод Санхүү Эдийн Засгийн техникум, 1968-1974 онд цэргийн албанд татагдан Хилийн ба Дотоодын Цэргийн Удирдах Газар, Батлан Хамгаалах Яамны “Алдар” нийгэмлэгт тамирчин, 1974-1978 онд УБДС-ийн биеийн тамирын факультетыг төгсөж, биеийн тамирын багш мэргэжил, боловсролыг эзэмшсэн.
Г.Пүрэв-Очир бөхийн спортоор 1967 оноос эхлэн хичээллэж, чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, спортын амжилтын гараагаа эхлүүлэн 1971,1972, 1973, 1976 оны улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, мөн жүдо барилдааны 1978 оны анхны улсын аварга тэмцээнээс мөнгө, Монголын бүх ард түмний спартакиадын алт, мөн хот, улс, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан самбо, жүдо барилдааны улсын шигшээ багийн анхдагч, Самбо бөхийн анхны спортын мастер, Олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байлаа.
Г.Пүрэв-Очир самбо улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 1978-1997 онуудад ажиллаж, улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэл-сургалтыг удирдаж, 25 дэлхийн аварга цолтон, 15 Гавьяат цолтон, 2 Ардын багш цолтон, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 132 мөнгө, хүрэл медальтан, олон улсын хэмжээний мастер цолтон 55, спортын мастер 60 гаруйг бэлтгэн гаргасан манай салбарын нэрд хүндтэй дасгалжуулагч байв.
Мөн тэрээр Их Шавийн Дээд Сургуульд 1997-2000 онд тэнхимийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж, биеийн тамирын онол, заах арга зүй, дасгалжуулалтын онол, самбо, жүдо бөхийн мэх, арга техник эзэмших хичээлүүдийг зааж, олон зуун боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэсэн, 1999 онд Монголын самбочдын сургалт дасгалжуулалтын зарим асуудал сэдвээр боловсрол судлалын доктор (Ph.D)- ын зэрэг хамгаалсан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач юм.
Г.Пүрэв-Очир Монголын биеийн тамир спортын төв байгууллагын даргаар 2000-2005 онд ажиллах хугацаандаа биеийн тамир спортын салбарын бүтэц, тогтолцоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, салбарын түүхэнд “Биеийн тамир спортын тухай анхны хууль” -ийн төслийг боловсруулалцаж, Улсын Их Хурлаар 2003 онд батлуулснаараа түүхэн гавьяаг бүтээлцэж, төрийн захиргааны байгууллага Биеийн Тамир, Спортын Хороог дахин байгуулахад идэвх зүтгэл гарган ажиллаж, салбарын үйл ажиллагааг чадварлаг удирдаж байснаараа спортын гэр бүлийнхэнд өндрөөр үнэлэгдэж, талархлыг хүлээж байдаг.
Г.Пүрэв-Очир биеийн тамир, спортын үйл ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай ажиллаж Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэд “Аврагч” спорт хороо, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дэргэд “Сүлд” спортын хороог үүсгэн байгуулж, удирдлагаар ажиллан үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих талаар санаачилгатай ажиллан хувь нэмрээ оруулсан спортын удирдагч байлаа.
Г.Пүрэв-Очир Монголын Бөхийн Холбооны нарийн бичгийн даргаар 1980-1982 онд, Монголын Самбо Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 1989-2006 онд, мөн Азийн Самбо бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 1997-1999 онд, МҮОХ-ны гишүүнээр 1996 оноос, МҮОХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2000-2008 онд, Монголын Регби-ийн Холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Мастеруудын Спортын Ахмадын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Гирийн спорт сонирхогчдын холбооны УЗ-ийн дарга, Дэлхийн Самбо Бөхийн Холбоо (ФИАС)-ны техникийн зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт албыг нэр тэртэй хашиж байв.
Г.Пүрэв-Очирын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол, тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан бөгөөд Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчийн “SPORT & FAIR PLAУ 2005” цом, МҮОХ-ны Алтан-Од, Алтан-Очир зэрэг одон, медиалаар шагнаж, хойч залуу үеийн бахархал болсон юм.
Талийгаачийн эх орон, спортоо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч, нөхөрсөг зан чанар, их спорт болон бөхийн төрлийн спортуудыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэл, гаргасан амжилт нь монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРОО
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.