Мэдээ

ЭМГЭНЭЛ


ЭМГЭНЭЛ
Монгол түмний бахархалт хүмүүн, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын арслан Доржпаламын Ганхуяг 2025 оны 11-р сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидний хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол улсын Арслан Доржпаламын Ганхуяг нь 1976 онд Улаанбаатар хотод төрж, 1983-1993 онд Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1994-1998 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсжээ.
Доржпаламын Ганхуяг нь Өсөх идэр, Улам нэмэх, Уран мэхт, Хурц шаламгай, Өрнөн дэлгэрэх, Үлэмж бадрах Монгол улсын Арслан, Монгол улсын Гавьяат тамирчин, Чөлөөт, Жүдо, Самбо, Сумо, Сонгомол бөх, Кураш, Рагбигийн олон улсын хэмжээний мастер, Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой шилдэг тамирчин байсан бөгөөд Монголын спортын түүхэнд нэгэн том ноён оргил байлаа.
Тэрбээр Үндэсний их баяр наадамд 2000 онд тав давж “Улсын начин”, 2002 онд тав давж "Өсөх идэр" чимэг, 2005 онд тав давж "Улам нэмэх" чимэг, 2006 онд тав давж "Хурдан шаламгай" чимэг, 2008 онд ес давж түрүүлэн “Улсын начин” цолоос “Улсын арслан” цол хүртэж гарамгай амжилт гаргасан Монгол түмний бахархалт хүү байв. 2009 онд найм даван үзүүрлэж, "Үлэмж бадрах" чимэг хүртэж, 2010 болон 2011 онд тав давж “Уран мэхт” чимэг нэмжээ.
- Чөлөөт бөхийн төрөлд өсвөр үе, залуучуудын зургаан удаагийн улсын аварга, оюутны Дэлхийн аваргын мөнгөн медальт (1996), Насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль (2003), хоёр удаагийн мөнгө (1998, 2002), хоёр удаагийн хүрэл медаль (1997, 2000), Борис Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль (1994-2001), “Монгол говь” олон улсын тэмцээний дөрвөн удаагийн алтан медаль, хоёр мөнгө, хүрэл медаль (1995 -2005), Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медаль, Олон улсын хэмжээний мастер цол тус тус хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан эрхэм хүн байлаа.
- Сонгомол бөхийн төрөлд Зүүн Азийн наадмын мөнгөн медаль (2001), Красноярскийн ОУТ-ийн мөнгөн медаль (2001), Сонгомол бөхийн хоёр удаагийн улсын аварга болж байжээ.
- Самбо бөхийн төрөлд Залуучуудын улсын аварга (1995), насан хүрэгчдийн мөнгө, хүрэл медаль (2007, 2009) , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2007) хүртэж байсан бол Жүдо бөхийн төрөлд насан хүрэгчдийн Улсын аварга (2009), Дэлхийн АШТ-ийн 7-р байрын шагнал (2009), Ази тивийн цомын тэмцээний хүрэл медаль (2009) хүртэж байв.
- Сонирхогчдын Сумо бөхийн УАШТ-ийн хоёр удаагийн аварга (2006, 2007), Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2006) хүртэж байсан бол Кураш бөхийн Улсын аварга мөн тус төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль (2007) хүртэж байжээ.
- Түүнчлэн Сагсан бөмбөгийн лигийн “Генералууд” багийн тоглогч байхдаа лигийн аваргын алдрыг хоёр удаа хүртэж байлаа.
Үндэсний бөх, чөлөөт бөх, сонгомол бөх, самбо, жудо, кураш, сагсан бөмбөг тэргүүтэй ямар ч спортод орсон сэтгэл зүрхээ бүрэн зориулж, тууштай дайчин чанараар үнэмлэхүй амжилт гаргаж ирсэн нь ирээдүй хойч үедээ залгамжлан үлдээх урам зориг, үнэт өв билээ.
Бидний сэтгэл зүрхэнд түүний эрдэмт даруу, жудагтай, шударга дайчин зан, амгалан төрх, зөөлөн дулаан хайр энэрэл, эв эеийг дээдэлсэн хүнлэг нөхөрсөг зан, олноо хүндлэгдсэн эрхэм чанарууд үүрд мөнхөд хадгалагдан үлдэж, үеийн үедээ бахархан дуурсах болно.
Энгүй хүчит
Эгэл даруу
Үлэмж бадрах Арслан та
Хөрст алтан дэлхийдээ тайван нойрсоорой.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.