Мэдээ

“МИЛАН КОРТИНА 2026” ӨВЛИЙН ОЛИМПЫН XXV НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны ёслолын танхимд боллоо.
Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх тус наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрлөөр анх удаа А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм.
Сайд Ч.Ундрам төрийн далбааг А.Ариунбатад, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ны далбааг Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нарт тус тус гардуулав. Тамирчид төрийн далбаагаа гардан авсны дараа тамирчны тангаргаа өргөлөө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам баг тамирчдад хандан үг хэлэхдээ “...Олон жилийн уйгагүй бэлтгэл, хөлс хүч, тэсвэр тэвчээрийн үр дүнд та бүхэн олимпын эрхээ авч, эх орныхоо өмнөөс өрсөлдөх хүндтэй үүрэг хүлээлээ. Энэ бол та бүхний ялалт төдийгүй дасгалжуулагчид, арын албаны баг, гэр бүл, дэмжигчдийн хамтын хөдөлмөрийн үр шим билээ.
Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс тамирчдынхаа бэлтгэл, оролцоог тууштай дэмжих бодлогоо цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Та бүхэн спортын ёс зүйг чандлан сахиж, эр зориг, ур чадвар, эв нэгдлээрээ Монгол хүний үнэт чанарыг дэлхийд харуулна гэдэгт итгэл төгс байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монголын Төрийн далбаа мөнхөд мандан бадрах болтугай. Монголын спорт улам бүр хөгжин цэцэглэх болтугай.” хэмээв.
Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд 2 дугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.