Мэдээ

ЭМГЭНЭЛ


ЭМГЭНЭЛ

ДОРЖГОТОВЫН ЧАГНАА

 

1942-2026

 

Монголын спортын нэртэй зүтгэлтэн Доржготовын Чагнаа нь 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, биеийн тамир, спортын салбарт хүнд гарз тохиолоо.

 Д.Чагнаа нь  1942 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын Агуйт гол гэдэг газарт малчин ард Доржготовын хүү болон төрж, эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, бага, дунд сургуулийг төгсөн, 1964-1968 онд Улсын Багшийн Дээд Сургуульд суралцан биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.

Тэрээр дугуй, тэшүүр, спорт аялал, уул, спорт авиралт, уулын цанын төрлүүд  зэрэг спортын олон төрлөөр хичээллэж, тодорхой амжилтуудыг гарган Спортын мастер болон уулын спортын Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн гарамгай тамирчин байлаа.

Д.Чагнаа нь Биеийн тамир, спортын улсын хорооны ахмад ажилтан бөгөөд спортын салбарт 67 жил ажилласнаас биеийн тамир, спортын төв байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байсан бөгөөд шинээр хөгжиж буй спортын тэмцээний дүрэм, цол зэрэг олгох журмуудыг боловсруулан батлуулах,  нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, туршлагатай, хамт олноо манлайлсан тэргүүний ажилтан байсан юм.

Биеийн тамир, спортын байгууллагаас 1973 онд зохиосон дасгалжуулагчийн курс, 1974 онд олон улсын уулын экспедицийн сургалт, 1982 онд Орос улсад, 2000-2002 онд Япон улсад, 2004 онд Энэтхэг улсад зохиогдсон олон улсын цанын холбооны сургалтад тус тус хамрагдаж дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлсэн.

Монгол Улсад өвлийн спортын төрлийг сурталчлан хөгжүүлж, уулын цанын баазыг байгуулах анхны санаачилгыг гарган Богд уулын Богинын аманд цанын зам трасс талбай, лифт байршуулах ажлыг гардан гүйцэтгэсэн уулын цанын баазын суурийг тавьсан гавьяатай эрхэм хүмүүн юм.

Дасгалжуулагч Д.Чагнаа нь уулын авиралт болон уулын цанын төрөлд олон арван шавь төрүүлснээс тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн өвлийн тоглолт, Дэлхийн Оюутны Универсиад зэрэг олон улсын зэрэглэлийн олон удаагийн тэмцээнүүдэд баг тамирчдаа удирдан дасгалжуулагчаар амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд амжилттай цуурайтуулан сурталчилж байсан шилдэг спортын зүтгэлтэн байлаа.

Мөн 1981 онд Монголын морин уралдааны салбар комиссын гишүүний хувьд унаач хүүхдүүдэд хамгаалалтын малгай өмсгөх, Варьета чуулгын байранд спортын авиралтын хана хийх санаачлагыг анх гаргасан, спорт аяллын “Бага Хэнтий” газрын зураг, аяллын дүрмийг боловсруулсан байна.

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.

Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, спортдоо үнэнч, ажилсаг хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан чанар, гэгээн дүр төрх нь спортын гэр бүлийнхэн, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.