Токио-2020 олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах дэлхий нийтийг хамрах хамгийн том үйл явдал.Тиймээс онцгой нөхцөлд, өмнөх олимпын наадмуудаас тэс өөр зохион байгуулалттай болно. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулах хорооноос “Токио-2020 олимпын наадамд оролцох” журмыг гаргаж, өнгөрсөн 4-р сард дахин шинэчилжээ.
Энэхүү журамд “Токио-2020” олимпын наадамд оролцогч хүн бүр ДЭМБ-аас зөвлөж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг олимпын наадмын туршид баримтлахаас гадна Япон улсад зорчих үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зохион байгуулах хороонд мэдүүлж, зөвшөөрөл авахаар болжээ. Ингэхдээ спортын төрөл тус бүр дээр “Ковид-19” хариуцсан ажилтныг томилж, багийн гишүүн тус бүрийн Япон улсад зорчихоос өмнөх 14 хоног болон Япон улсад байх хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран гаргаж “Токио-2020” наадам зохион байгуулах хороонд урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл авах юм байна.
Онцгой анхаарах зүйл нь хүн тус бүрийн төлөвлөгөөг олимп эхлэхээс 4 долоо (28) хоногийн өмнө мэдүүлж, зөвшөөрөл авах ёстой. Хэрэв төлөвлөгөөгөө мэдүүлээгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулжээ.
Үйл ажиллагааны төлөвлөгөөнд байрлах газрын нэр /Олимпын тосгон, зочид буудал г.м/, зорчих газруудын жагсаалт /зорчихыг зөвшөөрсөн газруудын жагсаалтыг үзэх/, нийтийн тээвэр /онгоц, хурдны галттэрэг г.м/ ашиглах бол зорчих өдөр, цаг, шалтгаан зэрэг шаардлагатай бүх мэдээллийг оруулна. Төлөвлөгөөг Япон улс руу нэвтрэхээс 28 хоногийн өмнө ICON системээр илгээх ёстой. Нэгэнт зөвшөөрсөн төлөвлөгөөг дахин шинэчлэх боломжгүй юм байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.