Өнөөдөр (2021.08.01) боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд явагдлаа.
Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдсан. Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан. Харин орос тамирчин эхний тойрогт Доминиканы Алекс де ла Крузыг илт давуу буюу 5:0-ээр ялсан.
Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байсан боксчин.
Эхний минутаас манай тамирчин илүүрхэж байлаа. Байнга урагш дайрч, довтолж тоглон эхний үе – 5:0 харьцаатай манай тамирчны давамгайллаар өндөрлөсөн.
Хоёрдугаар үед Э.Цэндбаатарын цохилтууд байндаа туссаар 3:2 харьцаатай дууссан юм. Төгсгөлийн үед Оросын боксчин идэвхтэй ажиллаж, манай тамирчинг үе дуусах үед хүнд цохилтод оруулан, тоолуулж ч чадсан.
Ингээд эцсийн мөчид нийлбэр дүнгээр Оросын боксчин ялалтаа авлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.