Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын өнөөдөр болох пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүчээ сорин өрсөлдөх Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэмцээн явагдах /Tokyo International Forum/ газар буюу Токиогийн Олон улсын форум танхимд ирээд байна.
Түүний жингийн тэмцээн Токиогийн цагаар 11 цагаас эхлэх бөгөөд түүний өрсөлдөх 107 кг-д 9 тамирчин хүчээ сорино. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм.
Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.