ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ нийтийн биеийн тамирын чиглэлээр Япон улсын сайн туршлагыг судалж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд илүү хамтран ажиллах нь чухал болохыг онцлов. Харин Накано Хиромичи дарга “Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр Монголын шигшээ багийн тамирчдыг Японы хот, мужуудад хүлээн авч ажиллахад та бүхний дэмжлэг их байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллана" гэв.
Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс Яйзү хоттой Монголын чөлөөт бөх, сагсан бөмбөгийн 3х3, пара хөнгөн атлетик, пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимп, паралимпын наадмын өмнөх бэлтгэл сургуулилтыг зургаан жил (2015-2021 он)-ийн хугацаанд зохион байгуулж, нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, спортын арга хэмжээ, тэмцээн уралдааны зохион байгуулалт” сэдэвт сургалт зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм.
Тухайлбал:
Чөлөөт бөхийн холбооны тамирчдад 2019 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд иж бүрэн бэлтгэлийн хувцас, хэрэглэлээр бүрэн хангасан
Пара хөнгөн атлетикийн тамирчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж өгсөн
Яйзү хот нь Монголын өв уламжлал соёлыг Япон улсад сурталчлах зорилгоор жил бүр хотын ард иргэдийн дунд Монголын соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж Монголын үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулсан
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.