Мэдээ

"Дөл-2022" тэмцээн эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Дөл-2022” цэрэг-спортын цогцолборт эхэллээ. Тэмцээний нээлтэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дэслэгч хурандаа Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.  "Дөл" тэмцээнд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн шилдгийн шилдэг ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөх юм. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван үе шаттайгаар болж байна. “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн “Гарааны өмнөх ажиллагаа” болон “Марш, гүйлтийн тэмцээн” гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө. Гарааны өмнөх ажиллагаагаар 21 аймаг, найман дүүргийн шилдэг баг тамирчид жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан, галын бэлтгэлийн нормативыг гүйцэтгэж, Монголын түүх, цэрэг-эх орны сэдэвт асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгавар буюу нийгэмд зөв үлгэрлэл үзүүлэх сайн үйлс, байгаль орчноо хайрлан хамгаалах, түүх, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн зохиомжит тоглолтыг өргөн барьсан бол  “Марш, гүйлтийн тэмцээн”-ээр тасгууд сугалааны дарааллаар тус бүр 15 минутын зайтай гараанаас гарч, 6 км замыг туулна. Ингэхдээ гүйлтийн явцад долоон цэгт буюу гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн нормативын дасгалыг багаараа гүйцэтгэх юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ ажиллаж байна. “Дөл-2022” тэмцээнд оролцогчдын дийлэнх нь спортын цол зэрэгтэй бөгөөд цэргийн өмнөх насны залуусын бие бялдар, тэсвэр хатуужилд чиглэсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээг Батлан хамгаалах яамтай Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж, цэрэг, спортын байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цаашид уг арга хэмжээг хамтран зохион байгуулах тал дээр хоёр тал санал нэгдлээ. Дашрамд сонирхуулахад, “Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 1984 оноос “Шонхор” тоглолт нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Ингэхдээ Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон үйлдвэр, албан байгууллагууд, сум нэгдэл, аймаг, дүүргүүдийн хэмжээнд жил бүр, улсын хэмжээнд гурван жил тутамдаа нэг удаа явагддаг байжээ. Өдгөө Батлан хамгаалахын сайд, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу хоёр жилд нэг удаа аймаг, нийслэл, дүүрэгт уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Харин Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн гурван баг оролцсноос тэргүүн байрт Өмнөговь, дэд байрт Баянхонгор, гутгаар байрт Дорноговь, тусгай шагналт байрт Сүхбаатар, Дорнод аймгийн баг тамирчид шалгарч байсан юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.