Мэдээ

Гавьяат тамирчин М.Анхцэцэг маргааш өрсөлдөнө


Монголын бүх ард түмний спортын XV наадмын хүндийн өргөлтийн шигшээ тэмцээн “Алдар” спорт хорооны “Б” зааланд өнөөдөр эхэлж, маргааш өндөрлөнө. Тэмцээнд 12 багийн нийт 106 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзсэнээс үдээс өмнөх дөрвөн жингийн медальтнууд тодорлоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн Б.Эрдэнэзул 157 кг-ыг өргөж, алтан медаль хүртсэн бол Баянгол дүүргийн Ч.Анужин (113 кг), Хөвсгөл аймгийн Ч.Нямзул (85 кг) нар мөнгө, хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 55 кг-д Баянзүрх дүүргийн К.Айнур 148 кг-ыг өргөснөөр түрүүлж, Орхон аймгийн Ш.Энхжин (123 кг), Баянгол дүүргийн М.Мөнхзаяа (123 кг) удааллаа.

Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д Баянзүрх дүүргийн Ө.Чагнаадорж 244 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн бол Хэнтий аймгийн М.Очир-Эрдэнэ (203 кг), Хан-Уул дүүргийн Г.Жавзандорж (188 кг) нар удаах байрт оров. Мөн 67 кг-ын жинд Хэнтий аймгийн У.Амарбаяр 255 кг-ыг өргөснөөр аваргалсан бол Баянзүрх дүүргийн Г.Ууганбаяр (148 кг) дэд байрт орж, Хэнтий аймгийн Г.Дүүрэнжаргал (212 кг) нар гуравдугаар байр эзэллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Т.Ганболд, Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл нар ажиллаж байна. Сонирхуулахад Л.Одгэрэл нь “Токио-2020” зуны олимпын наадмыг дэнсэлсэн шилдэг шүүгч юм. Нэмж хэлэхэд энэ тэмцээнд “Токио-2020” олимпын наадмын шагналт байр, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат М.Анхцэцэг хүч үзэхээр болсон нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа бөгөөд тэрбээр тус наадмын тамирчны тангараг өргөсөн билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.