БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА, МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Тамирчид, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид ээ !
Монголын бүх ард түмний спортын XV наадамд оролцож байгаа тамирчид, багш, дасгалжуулагчид хөгжөөн дэмжигчид Та бүхэнд Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын бүх ард түмний спортын XV наадмын Зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
"Монголын бүх ард түмний спортын XV зуны наадам"-ыг 2022 онд улсын хэмжээнд 3 үе шаттайгаар олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5, нийтдээ 26 спортын төрлөөр наадмын шигшээ тэмцээнийг 09 дүгээр сарын 9-19-ны өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн 4,500 гаруй баг тамирчдыг оролцуулан 561 багц медалийн төлөө Улаанбаатар хотноо явуулах гэж байна.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбогдуулан Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоолоор "Спортын наадмын хугацааг хойшлуулах" тухай шийдвэрлэсэн билээ.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын Зохион байгуулах хороог Монгол Улсын Ерөнхий сайдын 99 дүгээр захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэн байгуулсан.
Уг наадмыг зохион байгуулснаар хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, бэлтгэх, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг олж илрүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас энэхүү арга хэмжээг явуулахад зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлж, тамирчдыг наадмын тэмцээндээ амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоог ханган, бүрдүүлж байгаад бид баяртай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу наадмын спортын жин зай, төрлөөр байр эзэлсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн шагналыг (алт 1,5 сая, мөнгө 1 сая, хүрэл 500 мянган төгрөг) олгох ажлыг Биеийн тамир, спортын улсын хороо, наадмын Зохион байгуулах хорооноос хийнэ.
Энэхүү наадмыг зохион байгуулахад хамтран ажилласан нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, хороод, тэдгээрийн удирдлага, хамт олон, спортын холбоод, спортын зүтгэлтэн нар, бусад байгууллага, тамирчин, дасгалжуулагч нартаа чин сэтгэлээсээ талархлаа дэвшүүлж байна. Монголын бүх ард түмний спортын XV наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Д.Жаргалсайхан
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.