Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын хийн урт бууны 10 метрийн холимог баг, олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн болов. 10 метрийн урт бууны холимог багийн төрөлд 20 багийн 40 тамирчин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам, Н.Баяраа алтан медаль хүртсэн бол Увс аймгийн тамирчин О.Есүгэн, Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Хэнтий аймгийн тамирчин Н.Ангирмаа, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртэв.
Тэмцээний олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээнд долоон багийн 14 тамирчин цэц мэргэнээ сориход Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар аваргалж, Увс аймгийн тамирчин Ө.Төгөлдөр, Х.Уртнасан мөнгө, Багануур дүүргийн Э.Хишигдэлгэр, Г.Алтангэрэл нар хүрэл медалийн тавцанд гарав.
Энэ төрөлд түрүүлсэн Э.Даваахүү нь Монголын бүх ард түмний спортын XV наадмын гурав дахь медалиа гардаж байгаа бөгөөд Универсиад наадмын аварга, “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Түүнтэй алтан медалийн тавцанд хамт гарсан Г.Хэрлэнцэцэг Армийн тоглолтын аварга тамирчин юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.